Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ. Түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн хохирол учруулсан гэж үзлээ.
Уг хэргийн шүүх хуралдаан тавдугаар сарын 5-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн юм.
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Тодруулбал, хорлон сүйтгэх болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна.