Дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг Монголын паралимпийн хорооноос тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа.
МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж Монголын паралимпийн хорооны тэргүүн дээд шагналаа гардуулж байна” гэжээ.
С.Бямбадэлгэр нь дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизэд мэдээний хөтлөгч хэлмэрчээр ажиллаж байгаа юм.
Одоогоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг.