Цаг үеийн мэдээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэх зорилготойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатартай ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Байгалиа хамгаалах чиглэлээр хийгдэж буй “Байгалиа хамгаалъя” аян ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Энэ аяны үр дүнг та бүхэн хэрхэн харж байна вэ?

-ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба гэсэн нилээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгаль хамгаалах зорилготой "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг “Таны дуу хоолой Байгалыг хамгаалж чадна” уриатайгаар зохион байгуулаад явж байна.

Хамгийн их бүртгэгдэж байгаа хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах, байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, худалдах, ой хээрийн түймэр тавих гэмт хэргийн хор уршгийг иргэд олон нийтэд илүү хүргэхэд анхаарч ажиллалаа.

Улсын хэмжээнд энэхүү аяныг зохион байгуулснаараа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, эрүүгийн хариуцлагын төрөл, ойлголтыг иргэдэд таниулах, аж ахуйн нэгжүүдэд мэдээ, мэдээлэл өгөх зорилготой юм.

Аяны хүрээнд иргэд олон нийтэд гэмт хэргийн улмаас учирч буй хор уршгийг таниулах, цаашлаад хууль бус үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй байх тийм иргэний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан юунаас болж байна вэ?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өсөхөд нөлөөлөх хэд хэдэн шалтгаан бий. Манай ард иргэдийн дунд аливаа өвчинг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан амьтан агнах гэмт хэрэг, зөрчил их бүртгэгдэж байна.

Мөн гоёл чимэглэл, чихмэл хийх,  гадаад улс руу гаргаж өндөр ашиг олох зорилгоор амьтны арьс үс, яс, эвэр, чив засаа, сүүл, хошуу, толгой зэрэг эд эрхтнийг худалдахын тулд хууль бусаар ан агнах хэргүүд гарч байна. Манай иргэд хуулийн мэдлэг багаас болж зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газарт ан амьтан агнадаг тохиолдол ч байна.

Тэгвэл хуулинд зааснаар тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ан хийвэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг. Зээр, тарвага, зурам гэх мэт элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад л эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог.

Иргэдийн хувьд элбэг тархацтай, ховор, нэн ховор амьтдын талаарх мэдлэг нь багаас болж бас гэмт хэрэг үйлдэх нь элбэг байдаг гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтыг баталсан. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад Мазаалай баавгай, Хавтгай тэмээ, Тахь адуу, Ойн буган цаа, Цоохор ирвэс, Баданга хүдэр, Молцог хандгай, Татаар бөхөн, Голын халиу, Азийн минж, Ойн унтаахай, Борцгор хотон, Цагаан тогоруу гэх мэт олон амьтад орсон. Харин ховор амьтдын жагсаалтад 38 төрлийн амьтад орсон бөгөөд аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга гэх мэтийн амьтад орсон байдаг.

Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар ан агнахдаа хуульд заасан зохих төлбөрийг төлж сум, орон нутгийн Засаг даргаас авсан зөвшөөрлийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг агнаж болдог.

Хууль бусаар ан агнасан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтан чихмэл, эд эрхтэн тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, зориудаар тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад худалдсан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10000-40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Цахим орчинд бүлэг үүсгэж агнасан ангийнхаа зургийг оруулах, бусдыг уриалан дуудсан нөхдүүд нилээдгүй ажиглагддаг. Эдгээр хүмүүст хариуцлага хүлээлгэдэг үү?

-Цахим орчинд зарим иргэд зэрлэг ан амьтан агнасан талаараа бичлэг хийж зураг тавьж байгаа үйлдэл нь бусдыг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхэд өдөөн турхирах, нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа асуудалд цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж зохих хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

Тэр дундаа олны танил, нэр хүндтэй эрхмүүд зэрлэг ан амьтан барьж байгаа, агнаж байгаа бичлэгээ сошиал орчинд тавьснаасаа болж эрүүгийн хэрэгт шалгагдах тохиолдол хүртэл байна.

Хөл хориотой байгаа учраас аяныг олон нийтийг хамарч хийж болохгүй байгаа. Тэгэхээр иргэдэд мэдээллээ хэрхэн хүргэж ажиллаж байна вэ?

-Онцгой нөхцөл байдалд байгаа болохоор олон нийтийн хамарсан арга хэмжээг зохион байгуулж боломжгүй байна. Нөлөөллийн аян учраас иргэддээ цахим орчин, телевиз, мэдээллийн сайтаар дамжуулан иргэдийн байгалиа хамгаалах үзлийг өдөөх ажлыг хийж байна. Аяныг маань хүмүүс их сайхнаар хүлээн авч өөрийн боломжоороо хамтран ажиллаж байна. Энэ жил Экологийн цагдаагийн алба байгуулагдаад хамтран зохион байгуулж байгаа учраас аян хүн хүчний хувьд ч өргөн явагдаж байна.

Хаврын улиралд хамгийн их бүртгэгддэг хэрэг нь ямар төрлийн хэрэг байна вэ?

-Яг одоогийн байдлаар бол уул уурхайн үйл ажиллагаа эхлэх гэж байна.

Үүнтэй холбоотойгоор хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах, хайх гэмт хэрэг, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах хэрэг нэмэгддэг. Мөн хууль бусаар загас агнах хэрэг бүртгэгддэг.

Харин улирлын онцлогоос шалтгаалан хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх хэрэг буурдаг.

Уул уурхай гэж асар том салбар мөртлөө асар их хор хөнөөлийг байгальд үзүүлдэг. Газрын хэвлийд хүрсэн л бол нөхөн сэргээлтийн ажлыг сайн хийх хэрэгтэй юм шиг. Гэтэл энэ асуудал жаахан орхигдоод байх шиг ажиглагддаг ?

-Байгаль орчныг маш хурдан хугацаанд сүйтгэж байгаа нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглахтай ихээхэн холбоотой.

Ургамлыг, модыг, амьтдын амьдрах орчин, ус, хөрс гээд байгалыг орвонгоор нь эргүүлж сүйдэлж байна. Өнөөдөр нөхөн сэргээлтийн ажлыг хариуцлагатай хийдэг компаниуд байдаг ч огт нөхөн сэргээлт хийхгүйгээр газар сэндийчиж, ашигт малтмалыг нь авчихаад л хаяад явдаг олон компани, аж ахуйн нэгж байна. Тэгэхээр уг асуудалд иргэд, орон нутгийн байгууллагууд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Иргэд, орон нутгийн байгууллагаас хяналт тавих ажил л орхигдоод байна.

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ, уул уурхайн компаниудын сэндийчсэн газрын талбайн хэмжээ хоёр харилцан адилгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон тул бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаль орчны эсрэг хэрэг, зөрчилтэй тэмцдэг биеэ даасан нэгж байх ёстой гэдэг саналыг дэвшүүлсний үндсэн дээр Экологийн цагдаагийн алба байгуулагдсан.

Тус алба одоогоор 170 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хоёрдугаар сарын сүүлээр идэвхитэй ажилласны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт өссөн. Хүрээлэн байгаа орчны гэмт хэргийн цаана 6-10 нуугдмал хэрэг байна гэсэн судалгаа байсан бол энэ нуугдмал хэргүүдийг илрүүлэхэд Экологийн цагдаагийн алба эхнээсээ сайн ажиллаж байна.

Иргэдэд хандсан уриалга хэлэхгүй юу?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах зорилготой зохиогдож буй “Байгалиа хамгаалъя” аяныг дэмжин оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад хамгийн түрүүнд талархал илэрхийлмээр байна.

Энэхүү аяны хүрээнд Цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа нягт уялдаа холбоотой болж өндөр түвшинд очих болов уу гэж харж байна. Эцэст нь иргэддээ хандаж хэлэхэд байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилд олон нийтийн дэмжлэг туслалцаа хамгийн чухал.

Зөвхөн "Би амьтан буудаагүй", "Би алт ухаагүй" гэдэг бодол нь байгалиа хамгаалах үзэл биш шүү. Харин та хогоо хаяхгүй байх, усаа гамтай хэрэглэх, байгальд хор хөнөөл учруулж байгаа аливаа хууль бус үйлдлийг мэдээлэх, байгаль хамгаалах үзэл, дадал зуршил, ухааныг үр хойчдоо захиж үлдээх гэх мэт энгийн зүйлсээс л байгалиа хамгаалах үйлс эхэлнэ гэж хэлмээр байна. Тиймээс ч манай аян "Таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна" гэсэн уриатай зохиогдож байгаа юм.

Монголчууд маань эртнээс байгаль хамгаалах үзэл санаагаа зан заншил болгон хадгалж өвлүүлж ирсэн түүхэн их уламжлалтай ард түмэн шүү дээ. Гол усаа бохирдуулахгүй, шувууны үүрэн дээр сүүдрээ тусгахгүй, нэг буурин дээр газар талхалтал нутагладаггүй, амьтны үр төлийг агнадаггүй гэх зэрэг дурдвал олон байдаг.

Ярилцсанд баярлалаа.

Таны сурталчилгаа