Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Даваанямтай ярилцлаа.
Гадаадын иргэн, харьяатын газар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын нэг. Энэ албаны чиг үүрэг, онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
-Манай байгууллага 1994 онд Засгийн газрын 107 тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гадаадын иргэний асуудал эрхлэх зөвлөл нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 2001 онд Гадаадын харьяатын асуудал эрхлэх алба, УИХ-ын 43 дугаар тогтоолоор 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болж өргөжсөн.
Манай байгууллага нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух, гадаадын иргэнд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, хяналт тавих, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат болх хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг хангуулах, эрх бүхий байгууллагад уламжлах, мөн гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх, гадаад улсын болон Олон улсын байгууллагын салбар төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг сунгах үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд 21 аймаг, хилийн 26 боомтод хяналт тавьж, төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Ямар бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг вэ? Албан хаагчдын ачаалал хэр байна вэ?
-Төв байгууллага удирдлага, зохион байгуулалтын долоо, орон нутаг, хилийн боомт хариуцсан долоо, нийт зохион байгуулалтын 14 нэгжтэй. Үүнд, орон нутагт Агаарын замын боомт хариуцсан газар, Баруун бүс, Хойд бүс, Зүүн бүс, Өмнөд бүс дэх газар, Дорноговь аймаг дахь газар, Баян-Өлгий аймаг дахь хэлтэс гэсэн зохион байгуулалтын нэгжтэй.
Нийт 306 албан хаагчийн орон тоотойгоор Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд техник технологийн болон эдийн засгийн хөгжил, даяаршлын улмаас иргэний шилжилт, хөдөлгөөн дэлхий нийтийн хэмжээнд идэвхжиж байгаа.
Монгол Улсад зорчих, түр ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөн, виз, визийн зөвшөөрөл хүсэх хүсэлт, оршин суух зөвшөөрөл олгох үйлчилгээ жилээс жилд өсч байна.
Энэ жилийн тухайд дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас хөл хорио тогтоож хилийн боомтуудыг түр хугацаагаар хаасантай холбоотой ажлын ачаалал харьцангуй бага байна. Хэвийн үед ачаалал их байдаг. Тиймээс албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх зорилгоор мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим үйлчилгээг нэвтрүүлэх, сайжруулах чиглэлд байгууллагын удирдлагаас анхаарч ажиллаж байна.
Иргэд ямар үйлчилгээг цахимаар авах боломжтой вэ?
-2017 оны аравдугаар сарын 3-наас эхлэн программын эхний хувилбарыг ашиглалтад оруулан 15 төрлийн визний хүсэлт, баримт бичгийн бүрдлийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж ирсэн. 2019 оны тавдугаар сараас эхлэн www.evisa.mn гэсэн хаягийг бүрэн нэвтрүүлж, хөгжүүлэлт хийж байна.
Энэ хугацаанд 2887 аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч 2009 аж ахуйн нэгж байгууллагын 4915 гадаадын иргэний визийн зөвшөөрлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Үйлчлүүлэгчдийн хувьд урьд нь заавал манай байгууллагад биеэр ирж бичиг баримтын бүрдлээ нэг бүрчлэн авчрах, эргээд хариугаа ирж авах зэргээр нааш цааш явж, цаг хугацаа их үрдэг байсан. Энэ бүхнийг хялбарчилсан үйлчлүүлэгчдэд ээлтэй, эерэг ажил болсон.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт танай байгууллагын чиглэлээр ямар зорилтууд тусгагдаж, хэрэгжилт нь ямар байна вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай байгууллагатай хамаарал бүхий зургаан асуудал тусгагдсан. Бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтөөс хамааран нэг асуудал нь Хил хамгаалах байгууллага болон Цагдаагийн байгууллага руу шилжсэн.
Тус хөтөлбөрт гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, бүртгэх журам, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журам, Монгол Улсын виз олгох 2010 оны 338, 339, 340 дүгээр журмыг цагийн үеийн шаардлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудал тусгагдсан. Эдгээр журмыг 2017 онд Засгийн газрын тогтоолоор шинэчлэн, дагаж мөрдөн ажиллаж байна. Мөн зарим үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлсэн.
Эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хэсэг байгуулагдаж зохих судалгаа шинжилгээг хийж, төслийг бэлэн болгосон. Энэ төсөл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар дэмжигдэн, одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Ерөнхийдөө төлөвлөсөн ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй.
Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Гадаадын иргэн, харьяатын газар хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг хил, хяналтын байгууллагуудын нэг. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-УОК-ийн шийдвэрээр ихэнх боомт хаагдсан. Баянхошуу боомт газрын тос нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байсан ч энэ сарын 4-нөөс түр хугацаагаар хаагдсан. Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцат суурь, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор Олон улсын ачаа тээвэр хийгдэж, албан хаагчид үүргээ гүйцэтгэж байна.
Монгол Улсад хэд орчим гадаадын иргэн оршин суудаг вэ. Хөл хорио тогтоосны улмаас эх орондоо буцаж чадахгүй, гацсан хүмүүст ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна?
-Тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар манай улсад түр ирэгч болон оршин суух зөвшөөрөлтэй 120 улсын 19 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна. Хөл хорионы улмаас гацсан иргэдийн асуудлыг холбогдох хууль тогтоомж, УОК-ын шийдвэр, олон улсын гэрээ хэлэлцээрт заасан зарчмын дагуу зохицуулалт хийн ажиллаж байна.
БНСУ-ын иргэдийн визний хугацааг сунгах, урд хөршөөс визтэй орж ирсэн иргэдийн визийн хугацааг хуууль, тогтоомжийн дагуу нэг удаа 30 хоногоор сунгасан. Мөн Замын-Үүдийн автозамын боомтоор УОК-ын шийдвэрээр БНХАУ-ын 171 иргэнийг Монгол Улсын хилээр гаргах ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Мөн тусгай үүргийн 12 удаагийн нислэгээр 41 улсын 766 гадаад иргэнийг Монгол Улсаас гаргасан.
Иргэдийн дунд БНХАУ-ын иргэд оршин суух зөвшөөрөлгүй, нэр хаягаа өөрчлөн амьдарч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэдэг. Ийм зүйл байх боломжтой юу?
-Төртэй, хуультай улсад ийм юм байх боломжгүй. Монгол Улсын хилээр орох, гарах зорчигчдын хөдөлгөөнд хилийн шалган нэвтрүүлэх алба, тусгай чиг үүрэгтэй бусад байгууллагууд хамтран ажиллаж, хяналт тавьдаг.
Тодорхой хугацаагаар ирсэн, визний хугацаа хэтэрсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэднийг олж илрүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлэн ажилладаг. Хууль, хяналтын бусад байгууллага ч чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьдаг. Ямар нэг улсын хилээр дуртай нь орж ирээд, уусан шингэчихдэг юм байхгүй.
Танай байгууллагын зүгээс иргэд, олон нийтийг мэдээллээр хангах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Иргэдэд нээлттэй байх, үнэн зөв, бодитой мэдээллээр хангах зорилгоор 1800-1882 дугаар бүхий “Мэдээллийн төв” ажиллуулдаг. Тус төв нь дөрвөн албан хаагчийн батлагдсан орон тоотой, ажлын өдрүүдэд ажиллана. Тус утсанд хандан хувь хүний болон байгууллага, төрийн нууцаас бусад асуудлаар мэдээлэл авах боломжтой. Мөн веб сайт, цахим хуудас ашиглан олон нийтийг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлдэг.
Ярилцсанд баярлалаа.