Цаг үеийн мэдээ

"Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийхээр Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарласан билээ.

Тэгвэл яг одоо 18:00 цаг болж Чингэлтэй дүүргийн хөл хориог цуцалж, хэвийн байдалд шилжин, хаасан замуудыг нээлээ.

Зам хаасантай холбоотойгоор Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ, Сѳүлийн гудамж, Нарны зам зэрэг газруудад автомашины ачаалал ихтэй байгаа тул замын хѳдѳлгѳѳн нээсэн учир Их тойруу, Бага тойруу, Залуучуудын гудамж зэрэг хойд хэсгийн замуудыг сонгож замын ачааллыг багасгах, мөн явган зорчигчийн хѳдѳлгѳѳн ихсэх тул иргэдийг заавал гарц гарамтай хэсгээр зам гарахыг ТЦА-наас сэрэмжлүүлж байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ""Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн ард иргэд биднийг дэмжиж, маш сайн оролцлоо. Нийт иргэддээ талархал илэрхийлье. 18:00 цаг болсон учир дадлага сургуулилт, хөл хорионы хязгаарлалт дууслаа" гэлээ.

Хэдийгээр онц байдал зарлан, хөл хорио тогтоож иргэдийг гэрээсээ гарахгүй байх шаардлага тавьсан ч 300 гаруй иргэн шаардлагыг зөрчиж, сануулах арга хэмжээ авахуулсан байна.

Таны сурталчилгаа