Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ганбямбын Дөлгөөнийг томиллоо. Тэрээр гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, салбартаа ажилттай ажиллаж яваа гэдэг утгаараа томилогдож буй албан тушаалдаа хүлээн зөвшөөрөгдөж болох боловсон хүчин. Харин түүний нас, МАН-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү гэдэг тодорхойлолт нь л шүүмжлэх шалтгаан боллоо. Нэлээд хэдэн УИХ-ын гишүүн энэ шалтгаанаар түүнийг шүүмжилж харагдлаа. Энэ нь улстөрчид залуу үеэ дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй, зайгаа тавьж өгөхийг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл юм.
Хүн эх орон, эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэг. Тиймээс даргын хүү болж төрсөн нь Дөлгөөний буруу биш. Харин дарга нар хүүхдүүд Монголбанкны өндөр албан тушаалд томилогдож байгаа нь санамсаргүй хэрэг биш. УИХ-ын гишүүд ч үүнийг хэлж байлаа. Тухайлбал, Х.Болорчулуун гишүүн “Монголбанк бол улстөрчдийн өндгөө дардаг газар болсон” гэсэн юм.
Залуу хүмүүс туршлагаар намхан ч өндөр албан тушаалд томилогдож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэн нэгний дэмжлэгээр томилогдож байгаа нь нуухын аргагүй үнэн байгаа нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийн суудал улстөрчдийн хүүхдүүдэд өвлөгдөх боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Батшугар, УИХ-ын гишүүн асан Очирхүүгийн хүүн Эрдэмбилэг, УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү Дөлгөөн нарын томилгоо үүнийг нотолно.