Цаг үеийн мэдээ

Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг мөн Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ. 

Европын Комисс өчигдөр буюу 2020 оны 05-р сарын 07-нд  ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаас гадна ирэх нэг жилийн хугацаанд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.

Европын холбоо хар жагсаалтад 12 улс шинээр нэмэгдсэн бол Босни Герцеговин, Эфиоп, Гуяана, Лаос, Шри Ланк, Тунис гэсэн зургаан улсыг хар жагсаалтаас хассан байна.

 Хар жагсаалттай холбоотой шинэ бодлого ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр ЕХ-ны банкууд болон санхүүгийн бусад фирмүүд дээрх улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан шалгах, судлах үүрэг хүлээхээр болжээ. Түүнчлэн жагсаалтад орсон улс орнуудын компаниуд ЕХ-ноос шинэ санхүүжилт авах эрхгүй болно гэж Ройтерс агентлаг мэдээлж байсан. 

Одоо энэхүү хар жагсаалтыг нэг сарын дотор Европын парламентад өргөн барьж батлах юм байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх нэг сарын хугацаанд өөрчлөлт орж болно. Харин Европын парламентаар ороод батлагдсан тохиолдолд шинэ дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Эх сурвалж: ec.europa.eu

 

 

 

Таны сурталчилгаа