Цаг үеийн мэдээ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүдийг томилсон тогтоолыг баталсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээр:

-Цагдаагийн ерөнхий газрын дарга,

-Дотоодын цэргийн командлагч,

-Бригадын генерал Сайннямбуугийн Баатаржав,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Барсүрэнгийн Баасандорж нарыг шинээр томилоод байгаа юм.

Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөж, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Таны сурталчилгаа