Цаг үеийн мэдээ

        Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай 5 дугаар сарын 7–ны өдөр цахим уулзалт хийжээ.

 

           Энэ үеэр Сергей Шойгу цар тахлын улмаас Ялалтын баярын цэргийн жагсаал хойшлогдсон ч цаг сайхан болсны дараа Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдгийг хэлжээ. Түүнчлэн тэрбээр Москва хотын Улаан талбайд болох цэргийн жагсаалын механикжсан цуваанд "Хувьсгалт Монгол" гэсэн бичигтэй Т43 танк багтсаныг онцоллоо. Мөн ялалтыг авчирахад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийг хэзээ ч мартахгүй гэжээ. 

 

      ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ялалтын баярын цэргийн жагсаалд Монголын цэргийн албан хаагчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн сацуу Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Ялалтын баярын арга хэмжээнд өөрийн биеэр оролцохыг урьжээ.Оросуудын хамгийн их хүлээдэг, гол баяруудын нэг бол Ялалтын баяр юм. Харин энэ жил уламжлалт баяр цар тахлын улмаас өөр хэлбэрээр явагдах нь. 

COVID-19 вирусийн цар тахлын улмаас Москвагийн Улаан талбай болон Оросын бусад томоохон хотуудын талбайд болдог парадыг хойшлуулсан шийдвэрийг Оросын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын дундуур гаргасан. 

 

АГААРЫН ПАРАД БОЛНО

 

Гэхдээ агаарын парад болох бөгөөд газрын парадыг цуцалсан тул агаарын ёслолыг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тавдугаар сарын есний өдөр цаг агаар тогтуун байвал агаарт 600 гаруй онгоц, нисдэг тэрэг хөөрөх аж. 

 

Оросын хотуудад цар тахлын үеийн Ялалтын баяр хэрхэн болж өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээллийг Regnum болон Взгляд агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 

Хамгийн өргөн цар хүрээтэй агаарын парад ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Өнөөдөр Оросын нийслэл дээгүүр 75 нэгж агаарын техник нисч өнгөрөх аж.

 

Парадын эхэнд дэлхийд хамгийн том цэрэг тээврийн нисдэг тэрэг гэж тооцогддог Ми-26, дөрвөн МИ-8 нисдэг тэрэгтэй хамт ниснэ. Тэдгээрийн араас таван Ми-35, Ка-52, Ми-28Н ниссэнээр нисдэг тэрэгний цуваа өндөрлөх юм байна.

 

Онгоцны хэсэг асар том А-50 онгоцоор эхлэх бол түүний араас цэргийн тээврийн Ил-76 гурван онгоц ниснэ. Тэдгээрийн араас бөмбөгдөгч-пуужин тээгч найман онгоц нисэх бөгөөд эхлээд гурван Ту-95МС, дараа нь Ту-160, түүний араас дөрвөн Ту-22М3 нисэх аж.

 

Үүний араас Ту-160 нисч, агаарт Ил-78 энэ онгоцыг цэнэглэж байгааг харуулах үзүүлбэр болох юм байна. Энэ үзүүлбэрийн араас МиГ-29 сөнөөгч, Су-24 фронтын бөмбөгдөгч, МиГ-31К, Су-57 нисч өнгөрнө.  

 

Агаарын парадыг мөн л сөнөөгчид дуусгах бөгөөд эхлээд Су-30СМ, Су-34 болон Су-35С гурвал нисч, араас нь "Стрижи" болон "Русские витязи" уран нислэгийн багуудын МиГ-29 болон Су-30СМ есөн онгоц ромбо дүрс үүсгэн нисэх бол агаарын парад зургаан Су-25 агаарт Оросын төрийн далбааны гурван өнгийг гаргаснаар өндөрлөх юм. 

 

Таны сурталчилгаа