Өмнөд Солонгост амиа хорлох үзэгдлийн тоо дэлхийд дээгүүр бичигддэг. Амьдралаас уйдагсдын өөрийгөө егүүтгэх хэрэг огт буурахгүй байгаатай холбогдуулан тус улс дараах хачирхалтай боловч үр дүнтэй нэгэн арга хэмжээг авчээ.
Солонгос улсын Сеүл хотод ‘’Hyowon Healing’’ хэмээх төв шинээр нээгджээ. Энэ төвөөр сэтгэл гутралд орсон, амьдрал утгагүй мэт бодогдож, үхэх бодол толгойд эргэлдэх болсон хүмүүс өөрийн хүсэлтээр энэ төвд ирж үйлчлүүлдэг байна.
Уг төв юуны өмнө үйлчлүүлэгчийн зургийг нь авч хар туузаар чимэглэнэ. Дараа нь үйлчлүүлэгчид гашуудлын хувцас өмсгөөд үлдэгсэдэд зориулж сүүлчийн захидлыг бичүүлдэг байна. Захидлаа хамт байгаа нөхдөдөө уншиж өгөхдөө ихэнх үйлчлүүлэгчид хэнгэнтэл уйлдаг гэнэ.
Үүний дараа тэдэнд амьдрал ямар үнэ цэнэтэйг харуулсан баримтат кино үзүүлж, хүнд өвчин туссан ч амьдрахын тулд тэмцэж байгаа нэгний энэ орчлонд амьд байхын учир утгын талаарх яриаг сонсгодог байна.
Үүний дараа үйлчлүүлэгчийг зургыг нь тэврүүлээд шарилын хайрцганд хэвтүүлэх бөгөөд энэ үед хар хувцастай хүн ирж тагийг нь хаана.
10 минут орчим чив чимээгүй, харанхуй орчинд хэвтэж өөрийгөө юу хийж байгааг ухаарч, өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодож, яагаад ийм байдалд орсоноо боддог байна. Энэ 10 минут үхэхийг хүссэн хэнийг ч өөрчилж чаддаг гэнэ.
Энэ төвөөр үйлчлүүлсэн нэгэнд дахиж үхэх бодол орж ирдэггүй бөгөөд дахин төрсөн мэт нөлөөлж, олон ч хүнийг зөв зам руу нь зааж чиглүүлсэн судалгаа байдаг.
Харин "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага"-ийн судалж тогтоосноор манай улсад жилд 413 хүн амиа хорлодог ба энэ оны амиа хорлолтын индексээр 183 орноос 43-т бичигддэг байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд энэ бол асар өндөр тоо юм. Үүнээс эрчүүд амиа хорлох нь эмэгтэйчүүдээс зургаа дахин их байна.