Батга гэж юу болох, батгашилт нь өвчин мөн эсэх талаар ярилцахаар АӨСҮТ-ийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн их эмч Г.Баянжаргалыг урилаа.
Хүмүүс батгыг өвчин гэж үзэх нь ховор байдаг. Гэвч эрүүл мэндийн салбарт өвчин гэгддэг. Тиймээс батга өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Батга гэдэг нь нас харгалзахгүй гардаг. Насанд хүрэгчдэд тохиолддог батга нь настай хүнд ч гарч болдог.
Нэг талаасаа гормоны шалтгаан буюу тосны булчирхай хэт өвчлөлтэй байснаас гарна.Мөн ууж идэж буй хүнс тэжээлээс ч үүсдэг эмгэг. Батганы оргил үе нь ихэвчлэн өсвөр насныханд гардаг. Арьсыг хуурайшихаас хамгаалж байдаг тослог ихэссэнээрээ үрэвсэлт цагаан болон хар батгууд үүсдэг.
Арьсыг тухайн үед нь зөв эмчилж, арга хэмжээ авалгүй өөрөө оролдож, шахсан тохиолдолд бүр хүндэрч сөрөг нөлөө үзүүлдэг. Бидний нүүр ч бас үсээр хучигдсан байдаг. Тиймээс үсний нүхээр маш олон тосны булчирхай байдаг учраас хамгийн их батга гардаг хэсэг нь нүүр, цээж, нуруу хэсгээр гардаг. Мөн Батга үүсгэх гол хүчин зүйлс нь арьсны эвэршилт болон дотоод шүүрлийн зохицуулалт болон хооллолт юм.
Батганы үеийн хэсэг газрын эмчилгээ гэж юу вэ?
-Батганы хэсэг газрын эмчилгээнд жортой болон жоргүй олгогддог бүтээгдэхүүнүүд багтдаг.
Тухайн хүний нас, батга хаана гарсан зэрэг өвчний тархалт зэргээс нь хамаарч эмчилгээний сонголт нь буюу эмчлэх арга нь өөр өөр байдаг.
Мөн хэсэг газрын эмчилгээнд дангаар хэрэглэх болон уух эмүүдтэй хавсарч эсвэл хэсэг газар түрхэх, барих эмчилгээ зэрэг багтдаг. Харин нэмэлт эмчилгээнд сэтгэлзүйн эмчилгээ орно. Энэ нь батганд зайлшгүй чухал эмчилгээнүүдийн нэг.
Батга гарахад нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ?
-Сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Учир нь энэ нь маш их тослогийг үүсгэдэг. Гол нь хоол хүнсийг зөв зохицуулан хэрэглэх нь чухал.
Өсвөр насныхны хувьд батга гарсан тохиолдолд хоол хүнсэндээ юуг анхаарах ёстой вэ?
-Батгашилт үүсээд байгаа үед нь зайрмаг, сүү, буруу хооллолт зэргээс болж маш их ихэсдэг. Тиймээс шарсан хайрсан, халуун ногоотой хүнснээс татгалзаж, өдөр бүр арьсаа зөв цэвэрлэх ёстой.
Нүүрээ өдөрт хоёр удаа бүлээн усаар угааж, хэт хуурайшуулдаг спирттэй зүйлээр ойр ойрхон цэвэрлэж, угаахаас зайлсхийх.
Ялангуяа нүүрний будагтай бол будгийг сайн арилгах зүйлсийг хэрэглэж байж нүүрээ цэвэрлэх ёстой.
Гоо сайхны бүтээгдэхүүндүүд олон төрлийн химийн бодисыг агуулдаг. Үүнд хэрхэн анхаарах вэ?
-Арьсанд таарахгүй буруу зүйл хэрэглэвэл гормоны хэмжээ алдагдаж батга гарна. Мөн гормон тэнцвэртэй байсан ч батга гарах тохиолдол бий.
Байнга тосон цэвэрлэгч болон тосон суурьтай крем зэргийг байнга хэрэглэдэг хүмүүс их байдаг. Үүнийг байнга хэрэглэж болохгүй. Хүний арьс үргэлж нэг хэвээрээ байдаггүй. Хааяа хуурайшиж, хааяа тослогтож байдаг учир арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж ёстой.
Мөн байнга малгай өмсдөг, чолктой байх зэрэг нь дух хэсгээр батгашилт үүсгэдэг. Дан ганц дух гэлтгүй бариу хувцас, үрэлтээс үүсэн хүний биеийн хаана ч батга гарч, үүсдэг.
Ярилцсанд баярлалаа.