Цаг үеийн мэдээ

Түүнийг аз жаргалтай болгох цорын ганц зүйл бол илүү, бүр илүү туранхай болох явдал. Өөр юу ч түүнийг сэтгэл хангалуун болгож чадахгүй ба, жин нь багасах тусам бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг. Турах хүсэл түүний хувьд шүтдэг шашин шиг л болно.

 

Тэр бол “Анорексия” буюу эцэс төгсгөлгүй турах хүсэлд донтох сэтгэцийн эмгэгтэй мянга мянган бүсгүйчүүдийн нэг жишээ. Эхэндээ энэ хүсэл нь загвар өмсөгч, алдартай дуучидтай адилхан болох эрмэлзлээс үүддэг бол сүүлдээ яг л видео тоглоомонд донтсон хүн шиг жингээ хаях тусмаа ямар нэг ялалт байгуулчихсан аятай баярлаж хөөрөн, цааш улам турахыг хүсэх өвчин болж хувирдаг байна. Эцэст нь өөрийнхөө ясны гадуурхи, гарт чимхэгдэж байгаа бүх л махыг үгүй хийхийг хичээж, жаахан ч гэсэн өөхөлсөн байвал гэмт хэрэг хийсэн мэт тарчилж зовдог. Энэ нь бусад сэтгэцийн эмгэгийн адил жилд нэг, эсвэл сард нэг үзэгддэг бус харин цаг, минут, секунд тутамд биеийнхээ галбирын хэсэг бүрийг ажиглаж, толгойндоо “калори тооцоологч машин”-ыг дүүргэж явахад хүргэдэг учраас байнгын шинжтэй ба, энэ чинээгээрээ эмчлэгдэхэд хэцүү мөн аюултай юм.

 

Хайр халамж дутагдсан, дарамт мэдэрс өссөн охид “Анорексия”-гаар өвчилдөг

 

Ихэвчлэн гэр бүлийн хайр халамж дутагдсан, эсвэл хэт дарамттай нөхцөлд өссөн охид өсвөр наснаасаа эхлэн бүх зүйлд сэтгэл хангалуун бус болж, өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй нэгэн болдог. Ингэснээр “Анорексия”-гийн эхлэл тавигддаг аж. Тэд хэзээ ч турж ханадаггүй ба, 5 кг-ыг хассан бол дараа сард 10-ыг хасах гэж, түүнийхээ дараа сард 20-ыг хасах зорилго тавин өдрийнхөө хоолны калорийн хэмжээнд тэр чинээгээрээ хязгаарлалт тавьж, өөрийгөө барьдаг. 

 

Орчин үеийн 16-76 насны дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хөнгөн хэлбэрийн анорексиятай байна. 10 жилийн охидын 40-60 хувь нь жингээ барихын тулд хоолны дэглэм барьдаг ба 13-15 насны охидын 50 хувь нь өөрсдийгөө илүүдэл жинтэй гэдэгт итгэдэг гэсэн судалгааны дүн гарчээ. Хөнгөн хэлбэрийн анорексия нь дон болох шатандаа арай хүрээгүй ч, хэвийн хэмжээтэй биеэ бүдүүн гэж голон, түүнээсээ болж сэтгэл санаагаар унах зэрэг шинж тэмдгийг дагуулдаг. Мөн идсэн зүйлээ буцааж гаргахыг хүсэх, толины өмнө 10 минут тутамд эргэлдэх зэрэг шинж нь хөнгөн анорексияг илтгэнэ. Харин хүйтэнд мэдрэмтгий, бээрэнги болох, юу ч идэлгүйгээр дэндүү их дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах, сарын тэмдэг үзэгдэхгүй болох, үс унах зэрэг нь эмгэг хүндэрч эхэлсний шинжүүд юм.

 

 

Хойд Каролины их сургуулийн эрдэмтдийн саяхны судалгаагаар16-76 насны 413 эмэгтэйн 17 хувь нь дор хаяж нэг удаа амиа егүүтгэхийг оролдсон байжээ. Харин тэдний тал хувь нь хэт турах донтой, эсвэл гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус байдлаас үүддэг өөр төрлийн сэтгэцийн эмгэгтэй байжээ. Энэ нь өөртөө сэтгэл хангалуун бус байх нь даамжраад юунаас ч баяр баясгалан олох чадваргүй болгодог ба энэ нь амиа хорлох хүслийг өдөөдөгтэй холбоотой аж. Үүнээс ч аймшигтай мэдээлэл бол анорексиягаар өвчилсөн хүмүүсийн 20 хувь нь тэжээлийн дутагдалд орон үхэх эрсдэлтэй байдаг аж. Дэндүү их хоолоо сойсноос ходоод нь агшдаг.

 

Эцэстээ таргалахыг хүссэн ч хоол идэх чадваргүй болсон байдаг

 

2007 онд Италийн зурагчин Тоскани тураалд донтогч Францын загвар өмсөгч Изабелле Карогийн зургийг олонд дэлгэсэн нь ихээхэн шуугиан тарьж байв. 1,64 метрийн өндөртэй 25 настай бүсгүй гучхан кг жинтэй байлаа. Гутранги үзэлтэй ээж нь түүнийг багаас нь баллет, уран гулгалтаар хичээллүүлэхдээ өдөржин гэдэснийх нь тойргийг үздэг байснаас, өөртөө итгэлгүй занг суулгаж, улмаар өсвөр наснаасаа эхлэн тураалд донтох өвчтэй болгосон байж. Тэрээр 28-хан насандаа нас баржээ. Энэ явдлаас хойш загварын тайзнаа хэт туранхай моделиудыг гаргах тухай эсэргүүцэл дэгдэж, төгс галбирын хэмжээ гэгддэг байсан "90:60:90" нь бодит байдлаас дэндүү хол болохыг хүмүүс нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн. Түүнээс ч өмнө Armani-гийн ордны од Ана Каролина Рестон, Уругвайн супермодел Луизел Рамос зэрэг олон загвар өмсөгчид 20 дөнгөж гарсан насандаа улаан лооль, алим, салатны навчнаас өөр юм идэхээ больсноос болж үхэж байсан гашуун үнэн бий. Үүнийг дэлхий тэр аяараа мэдсээр байгаа ч, одоо хүртэл турах хүсэлдээ захирагдсан бүсгүйчүүд байсаар байна.

 

 

Одоо хэр нь анорексияг бүрэн эмчлэх эм гэж байдаггүй. Зөвхөн дааврын бэлдмэл дусал зэргээр зарим дутагдаад байгаа бодисыг нөхөж чаддаг байна. Харин өөрт нь тарган биш гэж итгүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь дээшлүүлэх, хоолны хэвийн дэглэмд аажмаар шилжүүлэх сэтгэлзүйн сургалт эмчилгээ илүү үр дүнтэй юм.

 

 

 

Таны сурталчилгаа