Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ.
Европын Комисс ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаас гадна ирэх нэг жилийн хугацаанд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.
ЕХ-ноос боловсруулж буй бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр ойрын нэг сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох аж. Төслийг баталсан тохиолдолд ирэх аравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.
Ингэснээр ЕХ-ны банкууд болон санхүүгийн бусад фирмүүд дээрх улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан шалгах, судлах үүрэг хүлээхээр болжээ. Түүнчлэн жагсаалтад орсон улс орнуудын компаниуд ЕХ-ноос шинэ санхүүжилт авах эрхгүй болно гэж Ройтерс агентлаг мэдээлж байсан билээ.