Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 4 сая давж, 280 мянга гаруй хүн нас баржээ. Урьд нь хорио цээрийн хязгаарлалтыг сулруулахаа мэдэгдсэн зарим оронд халдвар авсан хүний тоо дахин нэмэгдэж эхэлсэн байна.
Солонгос улс
БНСУ-д коронавирусээр халдварласнаа мэдээгүй нэгэн залуу Сөүл хотын хэд хэдэн клубээр үйлчлүүлсний дараа халдварын шинэ голомт үүссэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид хязгаарлалтуудаа сэргээж, бүх баар, зоогийн газруудыг хаажээ.
Тус улсад бямба гарагт 34 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь сүүлийн саруудад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм. Шинэ тохиолдлуудын 26 нь дотооддоо халдварлаж, найм нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Энэ оны сүүлчээр цар тахлын хоёр дахь давлагаа гарч болзошгүй байгааг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин анхааруулсан байна.
Герман улс
Германд мөн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эрх баригчид хөл хориог сулруулсны дараа халдварын тохиолдлын тоо нэмэгджээ. Роберт Кохын нэрэмжит халдварт өвчин судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд өдөр тутмын мэдээлэлдээ Германд нэг өвчтөнөөс халдвар авсан хүмүүсийн дундаж тоо 1.1-ээс давсан болохыг тэмдэглэжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Германд халдвар авсан нийт хүний тоо 171 мянга давж, 7500 орчим өвчтөн нас барсан байна. Социал-демократ намаас Бундестагийн депутатаар сонгогдсон вирус судлаач, профессор Карл Луатербах коронавирусний халдвар дахин тархаж болзошгүйг анхааруулсан байна. Тэрбээр бямба гарагт төрөлх Кёльн хотод нь олон хүн гудамжинд зугаалж байгааг хараад энэ мэдэгдлийг хийжээ.
Хятад Ухань хот
Коронавирусний халдвар анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотод сар гаруйн хугацаанд анх удаа “Covid-19”-ийн шинэ тохиолдол илэрсэн байна. Халдвар илэрсэн хүн нь 89 настай эрэгтэй бөгөөд одоо түүний биеийн байдал хүнд байгаа аж. Уг эрэгтэйд урьд нь халдварын шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээгээр вирус илэрчээ.
Европ ба Австрали
Франц, Испани улсууд энэ долоо хоногоос хорио цээрийн арга хэмжээг сулруулж эхэлнэ. Бямба гарагт Францад 80 хүн “Covid-19”-өөр нас барсан нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Мөн тус улсын ахмад настны асрамжийн газруудад нас барсан тохиолдлын тоо буурсан байна.
Испани улсад тусгаарлалтаас гарах төлөвлөгөөний эхний үе шат даваа гаргаас хэрэгжиж эхлэх бөгөөд нэг дор 10 хүртэл хүн цуглах, гудамжинд зугаалахыг зөвшөөрнө. Түүнчлэн зоогийн газрууд авч явах захиалгаар үйлчилж, дэлгүүрүүд нээгдэнэ. Гэхдээ халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Мадрид, Барселона болон бусад хэд хэдэн том хотод хязгаарлалтыг сулруулахгүй байна. Эдгээр хотод хорио цээрийг сулруулах эхний үе шатыг дор хаяж нэг долоо хоногоор хойшлуулжээ.
Бельги улс
Бельги улсад ням гаргаас эхлэн дөрвөөс хэтрэхгүй тооны зочдыг гэртээ урихыг зөвшөөрсөн байна. Олон хүн хайртай хүмүүсээ харах боломжгүй болсон тул хүмүүсийг хэсэг бүлгээрээ цуглахыг зөвшөөрөх төлөвлөгөөгөө тус улсын Ерөнхий сайд Софи Вильмес өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ.
Ням гарагт Австралийн Мельбурн хотын парламентын дэргэд хорио цээрийг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Жагсаалын үеэр цагдаа нар 10 хүнийг баривчилжээ. Зай барих журмыг зөрчин 150 орчим хүн жагсаал зохион байгуулсан байна. Тус улсад хорио цээрийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд 1600 австрали долларын /1045 ам.доллар/ торгууль ногдуулж байгаа юм.
Австралийн эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээгээ аажмаар сулруулахаар төлөвлөж байгаа бөгөөд долдугаар сар гэхэд коронавирусний халдварын эсрэг эдийн засгаа аюулгүй болгохоор бэлдэж байна.