АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пэнсийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдсаны дараа Цагаан ордон сонор сэрэмжээ дээшлүүлэх шийдвэр гаргасан. Өнгөрөгч Даваа гарагаас эхлэн Цагаан ордны ажилчдыг амны хаалт зүүхийг шаардаж, мөн түүнчлэн шаардлагагүй зочдыг хүлээн авахаас татгалзаж эхэлжээ.
Гэвч ерөнхийлөгч Дональд Трампт энэхүү шаардлага үйлчлэхгүй бололтой. Ялангуяа ойрын туслах нь халдвар авсан дэд ерөнхийлөгч Майкл Пенс хүртэл өөрийгөө тусгаарлалгүй хэвлэлийн хуралд оролцсон байна. Тэд өнөөдөр/2020.05.12/ Рөүз Гарденд зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд амны хаалтгүй оролцжээ. Энэ үеэр Дональд Трамп амны хаалт зүүх шаардлагыг дагахгүй гэдгээ мэдэгдэн харин “Хүн бүрээс зайтай байна” хэмээн тодотгосон байна.
Трамп “Миний хувьд би хэнтэй ч ойр биш байна. Би хүн бүрээс л зайтай байна. Хэрвээ та нар тэнд байгаа хүмүүсийг харвал” хэмээн баруун жигүүрийн Колланеде дээр зогсч буй арын албаны хүмүүсийг заан “Миний харж байгаагаар тэнд Цагаан ордны ажилчид, төлөөлөгчид, удирдах ажилтнууд байна. Тэд бүгд л амны хаалтаа зүүсэн байна. Өнөөдөр миний харсан хүн бүхэн амны хаалтаа зүүсэн байна” хэмээжээ.