Цаг үеийн мэдээ

Афганистаны Кабул хотод алан хядагчид төрөх эмнэлэгт гал нээсний улмаас 2 хүүхэд, 12 эх, сувилагч амиа алдсан байна. Мөн 15 хүн шархадсны дотор хүүхдүүд цөөнгүй байгаа юм байна.

Энэ халдлага гарахтай зэрэгцэн Афганистаны зүүн хэсэг дэх Нангархар хотод цагдаагийн нэгэн даргыг оршуулах ёслолын үеэр дэлбэрэлт болж 24 хүн амь үрэгдсэн байна. Энэ дэлбэрэлтийг исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Харин төрөх эмнэлгийн халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн нь одоогоор тогтоогдоогүй байна. Ийнхүү нэг өдрийн дотор олон хүний амийг авч одсон  дараалсан халдлагуудтай холбогдуулан Афганистаны Ерөнхийлөгч Афраш Гани мэдэгдэл хийж Талибан болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ идэвхжүүлэх болно гэсэн байна.

Кабул хотын халдлагад өртсөн төрөх эмнэлэг нь олон улсын хүмүүнлэгийн “Medecins sans Frontieres” байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд тус эмнэлэгт гадны олон мэргэжилтэн ажилладаг юм байна.

Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 10 цагийн үед халдлага гарах үед эмнэлэгт нийт 140 гаруй хүн байсан байна. Зэвсэгт этгээдүүд замд нь таарсан хүмүүс рүү ямар ч шалтгаангүйгээр шууд буудаж байсан талаар гэрчүүд ярьж байгаа юм. Афганистаны тусгай хүчнийхэн 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг болон гадаадын гурван иргэнийг эмнэлгээс аюулгүй гаргаж чадсан байна.

Цагдаагийн хувцас өмсөн эмнэлэг рүү нэвтэрсэн алан хядагчдыг аюулгүй болгох тусгай ажиллагаа нэг цагийн турш үргэлжилсэн байна. Энэ үеэр алан хядагчид бүгд амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа