Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгарийн амьтны хүрээлэнд амьдардаг Эл Шүнь, Да Мао хэмээх хоёр панда Хятад, Канад хоёр орны эв найрамдлын бэлэг тэмдэг аж. Хоёр орны гэрээ хэлэлцээрээр бол 2023 онд хоёр панда Хятадад буцах ирэх ёстой байсан хэдий ч халдварын нөлөөгөөр хугацаанаасаа өмнө гэртээ харихаар болжээ. Учир нь дэлхий дахинд дэгдсэн коронавирусний цар тахлын улмаас нислэгүүд цуцлагдаж, агаараар тээвэрлэгдэж ирдэг хүнс цөөрч, хоёр панда хүнсний дутагдалд орсон аж.
Калгари мужийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд пандаг өлсгөхгүйн тулд арга бүхнийг сүвэгчлэн шинэ хулс импортолж байгаа хэдий ч долоо хоногт хоёр удаа “импортын хүнс” залгуулах үнэхээр боломжгүй болжээ. Мөн панда маш “голомхой амьтан” бөгөөд зөвхөн шинэ хулс л иддэг байна. Гэтэл хугацаа алдаж жаахан хуучрах маяг орсон хулсыг панданууд голж идэхгүй байгаа нь Канадын амьтны хүрээлэнгийн ажилчдад ихээхэн дарамт учруулаад байгаа аж.
Амьтны хүрээлэнгийн захирал Клемент Лантьер хэлэхдээ, "Одоогоор хоёр орны засгийн газарт өргөдөл дэвшүүлээд байгаа бөгөөд холбогдох үйл явцыг шуурхай ажиллуулж, пандануудыг аль болох хурдан буцааж өгөх тухай хүсэлт гаргаад байгаа" гэлээ.