Хятадын Ухань хотын бүх оршин суугчийг 10 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулна гэж "Шиньжин" сонин мэдээлэв.
Тус сонинд мэдээлснээр, хотын цар тахалтай тэмцэх газраас бүх оршин суугчид коронавирусний нуклейн хүчлийн шинжилгээ хийхийг үүрэг болгожээ. Тавдугаар сарын 9, 10-нд Ухань хотод коронавирусний халдварын зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод халдварын шинэ тохиолдол 35 хоногийн дараа дахин илэрсэн нь энэ юм.
Халдвар авсан хүмүүс Дүншихү дүүргийн оршин суугчид бөгөөд тэдний хоёр нь гэрлэсэн хос аж. Хотын хүн амын нягтрал, дүүрэг тус бүрийн оршин суугчдын тоог үндэслэн оршин суугчдыг нийтээр нь шинжилгээнд хамруулах төлөвлөгөө боловсруулахыг хотын засгийн газарт даалгасан байна.
Иргэдийг шинжилгээнд хамруулахад тэдэнд 10 хоногийн хугацаа өгчээ.