Италийн иргэн Марко Павлон болон Америкийн иргэн Лиэ Блүмбэрг нар хоёул коронавирусний улмаас түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэж, сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн адилхан эмчилгээ хийлгэжээ. Гэтэл эмнэлгээс эмчлэгдэн гарахдаа Итали иргэн нэг ч цент төлөөгүй бол Америкийн иргэн нийт 7,000 орчим ам.долларын төлбөрийн хуудастай гарсан байна.
Итали иргэний хувьд цар тахлын улмаас ажилгүй болсон бөгөөд ямар нэгэн даатгалгүй нэгэн. Харин Америкийн иргэн мөн адил ажилгүйчүүдийн эгнээнд орсон ч нөхрийнхөө ажлаар дамжуулан даатгалд хамрагджээ.
Коронавирусний цар тахал нь улс орнуудын эрүүл мэндийн салбарын хүртээмжийг ийнхүү харуулж байна. Итали, гэлтгүй бүхэл Европ тивийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хэрэгтэй хүн болгонд үнэгүй гэж хэлж болох юм. Харин Америк хэдий өндөр хөгжилтэй улс боловч эрүүл мэндийн салбарын хүртээмж нь маш дорой нь үүгээр харагдаж байна. Америк иргэний хэлж буйгаар түргэн тусламжаар эмнэлэгт яаралтай хүргэгдэхэд л дангаараа хоёр мянга орчин ам.доллар байсан бол өдөрт хэд хэдэн удаа орж ирж шалгадаг эмч нарын нэг удаагийн шалгалт нь 300-400 ам.доллар байсан гэжээ. Харин түүний хүлээн авсан төлбөрийн баримт дээр нь ердөө хэдэн төрлийн эмийн жор байсан байна. Тэрээр түргэн тусламж дуудах үедээ эмчилгээний зардлыг бодох боломж байгаагүй, хамгийн түрүүнд амьд үлдэхийг л хүссэн гэжээ.
Зөвхөн коронавирусний үед ч биш Америкийн гурван хүн тутмын нэг нь хэтэрхий үнэтэй учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас аль болох зайлсхийдэг. Харин Их Британи, Герман, Недерланд болон Швед зэрэг Европын улсуудад 10 хүн тутмын нэг нь санхүүгийн боломж дутмаг улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас татгалзаж байсан байна.