Италийн Сериэ-А лигийн Аталанта багт харьяалагддаг 19 настай залуу хөлбөмбөгч Андреа Риналди хөл хорионы үеэр гэртээ бэлтгэл хийж байхдаа буюуу 5 дугаар сарын 11-нд нас баржээ. Түүний үхлийн шалтгаан тархины судасны бүдүүрэх өвчин байсан байна.
Энэ тухай Леньяно багийн зүгээс албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн бөгөөд Андреа Риналдиг “алтан жаал, талбай дээр болон талбайн гадна ч үлгэр жишээ болсон залуу” хэмээн тодорхойлжээ.
Тус багийн мэдэгдэлд “Леньяно багт, энэ хотод, хөлбөмбөгийн ертөнцийн бүхий л шатанд өнөөдөр харамсалтай өдөр тохиож байна. Бидний дайчин Андреа Риналди биднийг орхин одлоо. Тэрбээр амьдралынхаа ид үед, зорилгынхоо төлөө явж байхдаа гэнэтийн, цочирдмоор гай зовлон тохиолоо. Төсөөлөхөд ч бэрх байна” хэмээжээ.
А.Риналди ирэх зургадугаар сарын 23-нд 20 нас хүрэх байсан бөгөөд тэрбээр энэ улиралд Леньяно багийн гол тоглогчдын нэг болон 23 тоглолтод оролцон нэг гоол оруулаад байсан юм. Анх 13 насандаа Аталанта багийн хүүхдийн академид элсч, 17 хүртэлх насны багтайгаа хамт Италийн залуучуудын лигийн цом, супер цомд тус тус түрүүлж байсан ажээ.