Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өдөртөө Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өдөртөө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 05 дугаар сарын 14-ний 20 цагаас 05 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 5-10 градус, Хүрэнбэлчир оряим, Завхан голын эх, Байдраг голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Халх голын саваар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Нутгийн төв хэсгээр үдээс хойшдоо эрс сэрүүснэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө эрс сэрүүсч 6-8 градус дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. 16, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.