Хамаг лидерүүдээ намаасаа хөөж гаргасан АН-ын дарга Эрдэнэ намдаа хөөгдөж туугдсан Баасанхүү, дахин сонгогдохын тулд сүнсээ ч худалдахад бэлэн явсан Жавхлан нарыг намдаа урьж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь ойлгоход хэцүү үйл явдал боллоо. Ардчиллын үнэ цэнийг оюун санаандаа өвлөн тээж яваа ардчиллын алтан хараацайнуудаас илүү өнөөдрийн болжморууд АН-ын дарга Эрдэнэд чухал санагдсан бололтой. Нэгэн цагт ардчилал гэдэг бол ардыг чилээж ал гэсэн үг хэмээн нам руу нь нулимж явсан Жавхланг найр тавин угтаж явлаа. АН-ын дарга намаа сонгуульд явуулах гээд байна уу, эсвэл ялагдуулж нийтлэлч Баабарын хэлсэнчлэн нэгмөсөн ёроолд нь тултал унагах гээд байна уу. Намынхаа даргын нэхэж буй хэдэн зуун сая төгрөгийг төлөөд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй улстөрчид АН-д олон бий. 76 мандатаа булаацалдаж буй тэдний өмнүүр Баасанхүү, Жавхлан нарыг уриад оруулчихаар хэний ч дургүй хүрэх нь ойлгомжтой. Дээрээс нь намдаа урьж залж авч ирсэн Жавхлан, Баасанхүү нараас намынхаа бусад гишүүдийн адил нэр дэвших тэнчингийн мөнгө нэхэх үү. Урьж авч ирчихээд мөнгө нэхнэ гэдэг утгагүй. Нэхэхгүй болохоор бусад гишүүд нь барьцана. Ингээд төсөөлбөл эвлэрэхийн аргагүй зүйлс АН-д өрнөсөөр байна. Энэ намын хувь заяа хаашаа эргэхийг сарын дараа болох сонгуулийн үр дүн хэлээд өгөх биз ээ.