Улаанбаатар хэмээх ганцхан хоттой байсан манай улс гурван хоттой боллоо. Тодруулбал, энэ удаагийн УИХ отгон чуулганаа завсарлуулж бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаасаа өмнө хот байгуулах шийдвэр гаргаж Шинэ зуунмод, Майдар хэмээх хоёр хотыг цаасан дээр сүндэрлүүлэн барилаа. Харин энэ хоёр хот хэзээ газрын хөрсөн дээр баригдаж, ганган эрээн хот болохыг яг үнэндээ хэн ч мэдэхгүй. Сонгуулийн өмнө орон сууцны хороолол барина гэж амладаг байсан манай улстөрчид одоо бүхэл бүтэн хот барина гэж амладаг боллоо. Энэ амлалтаа ойрын жилүүдэд хэрэгжүүлэхэд хэцүү гэдгийг зарцуулах мөнгөнийх нь хэмжээ хэлээд өгнө. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг түшиглэн барих Шинэ зуунмод хотын бүтээн байгуулалтад 32 их наяд төгрөг шаардлагатай бол Майдар хотод 40 тэрбум евро шаардлагатай гэдгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Мөнхбаатар хэлсэн юм.
Хар, саарал гээд дэлхий дээр байж болох хамаг муу жагсаалтад багтаж яваа манай бүтэн жилийн төсвийн орлогоо гурав нийлүүлсэнтэй тэнцүү хөрөнгө гаргаж шинэ хот босгоно гэдэг лав л ойрын жилүүдэд хийж чадахгүй ажил. Гэхдээ яахав мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэгчлэн улстөрчид нь мөрөөдөж, иргэд нь итгэж л суухаас.