2020 оны нэгдүгээр сарын 2-нд Францын Борду хотод нэгэн эмэгтэй гэнэт ихээр ханиалгаж эхэлжээ. Тэр эмэгтэй Сингапурт зул сарын баяраа тэмдэглээд шинэ оны өмнөхөн ирсэн бөгөөд ханиалгаж халуураад байна хэмээн SOS дуудаад очих үед нь нас барсан байв. Bordeaux (Борду) хотын их сургуулийн эмнэлгийн халдварт өвчин судлаач, професор, доктор Denis Malve үл танигдах вирусийн уушигны хатгаа Pheumopathie X-ээр өвчилсөн гэж онош тавьсан бөгөөд энэ үед коронавирусний халдвар Хятадад дэлгэрч эхэлсэн үе учраас шинжилгээг Сингапур дахь лаборатори руу явуулсан байна. Хэд хоногийн дараа хариу нь короновирусээр өвчилсөн гэсэн оноштой гарчээ.
Нэгдүгээр сарын 23- ны өглөө доктор Denis Malvy руу түүний шавь нь ярьж, "Өнөө өглөө Хятадаас ирсэн өндөр халуунтай хүн ирж үзүүллээ" хэмээжээ. Тэрээр шавьдаа өвчтнийг яаралтай гэрт нь 48 цаг тусгаарлаад, шинжилгээ ав хэмээн үүрэг өгч, улмаар шинжлэгээ авахад короновирусний халдвар авсан нь илэрчээ.
Учир явдал ингэж эхэлжээ. Bordeaux (Борду) хот Хятадын Wuhan (Ухань) хоттой олон жил холбоотой байдаг аж. Виноны худалдааны мэргэжилтэн 43 настай Lauren хятад паспортоо гээгдүүлчихжээ. Ингээд тэрээр паспортоо шинээр авах далимаар ах дүүстэйгээ уулзахаар нутагтаа очиж, өөрийн төрсөн хот Ухань, Шанхай хотуудад хэд хоносон байна. Ингээд буцаад Францад 1 дүгээр сарын 22-нд ирсэний маргаашнаас нь халуурч эхлэнгүүт эмнэлэгт очсон нь тэр байжээ.
Хэвлэл мэдээлэлээр анхны короновирус Борду хотод хятад иргэнээс илэрлээ (нэрийг маш нууцалж байсан ч) гэнгүүт л хятадуудыг харааж зүхсэн, доромжилсон үгс сошиалаар дүүрч, Lauren Chu-н гэрийнх нь гадаа хүмүүс цугларч "зайл тонил..." хэмээн хашгиралдаж, мод чулуу нүүлгэж байсныг хүчнийхэн ирж тараасан байна.
Доктор Denis Malvy 20 гаруй хоног Lauren Chu-г өөрөө гардан эмчлээд 2 дугаар сарын 13-нд эмнэлгээс бүрэн эдгээж гаргажээ. Тэрээр халуун орны халдварт өвчнүүдийн нэг Ebola-г францад анх удаа эмчилж чадсан, ерөнхийлөгч Е.Макроны итгэлт эмч, чадалтай гайхалтай эмч юм байна.