Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл хүргэлээ.
ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах “COVID-19-ийн тархалт өндөр байгаа улсуудаас ирж байгаа иргэдийн ачаа тээш, онгоц, эд зүйлсээр дамжин коронавирус олон нийтийн дунд тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэл хийн анхаарч ажиллаж байна.
ЗӨСҮТ-ийн лавлагаа лаборатори Жаргалант, Наранбулаг, Хабу, Кентавр зэрэг буудлуудад тусгаарласан 231 хүнээс 400 гаруй сорьц авч шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Мөн Цэргийн төв эмнэлэг, Гүнт, Ивээл амралт, Наранбулаг сувилалд байгаа 260 хүнээс сорьц аван лабораторийн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.
"COVID-19"-ийн үед нас баралт бүртгэгдвэл цогцсыг халдваргүйтгэх, тээвэрлэх, чандарлахад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар “Улаанбаатар Буян” ХХК-ын ажилчдад хоёр удаагийн сургалтыг хийлээ.
Дэлхийн улс орнуудад олон тооны нас баралт бүртгэгдэж нэг дор нь олноор оршуулж байгаа нь халдварын хамгааллын дэглэмийг зөрчиж буй юм.
Халдвартай хүн нас барсан тохиолдол ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед онц халдвартай өвчнөөр нас барсан тохиолдолд шууд УОК-ын шийдвэрээр ЭМ-ийн байгууллага, буяны байгууллагын ажилчид орсон аюулын хэсгийг томилно. Тэгээд талийгаачийг чандарлах газар нь аваачаад буян номыг нь хурж, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагууд хянан ажиллана.
Дэлхий нийтэд халдвар тараадаг нэг гол хүчин зүйл нь тухайн улс орон бүрийн өвчтөнийг оршуулах, чандарлахдаа үйлддэг зан заншлын онцлог юм. Африкийн орнуудад эбола вирусийн халдвар арилахгүй байгаа нь нас барсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэснээс, халдвар хамгааллын дэглэм алдсанаас болдог. Тиймээс манай улсад үүнийг хориглосон байгаа.
Чандрыг ар гэрт нь өгөх, бусдад дамжуулахгүй гэсэн хатуу заалттай. Гаднын оронд нас бараад чандарласан бол чандрыг Монголд авчрахгүй гэсэн үг.
Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, эцсийн халдваргүйтгэл хийх талаар гарсан заавар, зөвлөмжийг эмхэтгэн гарын авлага болон хэвлүүллээ” гэдгийг хэллээ.