Цаг үеийн мэдээ

ДЭМБ-ын ахлах эрдэмтэн, доктор Сумьяа Сваминатан “COVID-19” цар тахлын өнөөгийн дэгдэлт таван жил үргэлжилж магадгүй талаар анхаарууллаа.

ДЭМБ-ын ахлах эрдэмтэн, доктор Сумьяа Сваминатан “Financial Times” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Цар тахлын дэгдэлтийг хяналтдаа оруулахад 4-5 жилийн хугацаа шаардлагатай гэж харагдаж байгаа. Одоогоор цар тахлыг зогсоох хамгийн боломжит гарц нь вакцин болж байгаа ч түүний аюулгүй байдал, үйлдвэрлэл, тэгш, хүртээмжтэй хуваарилалтын талаар олон эргэлзээтэй асуудал байгааг анхаарах нь зүйн хэрэг. Цар тахлын цаашид хэр удаан үргэлжлэх нь үр дүнтэй вакцин гарган авах болон хөл хориог хэр амжилттай хэрэгжүүлэхээс давхар шалтгаална” гэсэн байна.

ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, доктор Майк Райан "Коронавирус хэзээ ч алга болохгүй, томуу, ДОХ зэрэг халдварт өвчнүүдийн адил хүн төрөлхтнийг цаашид халдварлуулсаар байх болно" гэж мэдэгдсэн.

Улс орнууд хөл хорио хэрэгжүүлж, сургууль, нийтийг хамарсан арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ, бизнес, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа нь дэлхийн эдийн засагт 1930 оны их хямралаас хойших хамгийн том уналтыг авчрахаар байгааг эдийн засагчид анхааруулсан. Тиймээс зарим улс орон эдийн засгаа сэргээх зорилгоор хөл хориог үе шаттай сулруулж эхлээд байгаа юм.

Мэргэжилтнүүд коронавирусийн тархалтын оргил үеийг амжилттай туулаад байсан БНХАУ болон БНСУ-д халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа үүсэх эрсдэл үүсээд байгааг анхааруулсаар байна.  

Таны сурталчилгаа