Цаг үеийн мэдээ

Украины нийслэл Киев хотын гадна орших жижиг зочид буудалд тээгч эхээс төрсөн 51 нярай байрлаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Тэдгээрийн захиалагч эцэг эхчүүд нь АНУ, Европын орнуудын иргэд бөгөөд цар тахалтай холбоотой агаарын тээвэр зогссоноос шинэ мэндэлсэн хүүхдээ авах боломжгүй болсон байна. 

 

Коронавирусний тархалтыг зогсоохын тулд Украин улс гуравдугаар сараас эхлэн гадаадын иргэдийг хүлээж авахгүй болсон юм. Эцэг, эхчүүд нь шинэ мэндэлсэн үрийнхээ зургийг л харах боломжтой байгаа аж.

 

Зарим эцэг, эхчүүд нь хүүхдээ авахаар Украинд ирээд гацсан байна. Тухайлбал Испани улсын иргэн Рафа Айрес хил хаагдахаас өмнө Украинд ирээд буцаж гарах боломжгүй болжээ. Тэр одоо охин Мартагийн хамт хил нээгдэхийг хүлээн Киевт саатаад байна.

 

Түүний эхнэр Мария нь ажлын зав зай муутай байснаас Украинд ирж чадалгүй Испанид үлджээ. “Өдөр бүр би эхнэртэйгээ видео дуудлагаар холбогдож, охиныг нь харуулдаг. Түүнд маш хэцүү байгаа” гэж Айрес ярьж байна.

 

Гэхдээ зочид буудлынхан, эмнэлгийн ажилтнууд аав, охин хоёрыг тав тухтай байлгахад сайн анхаарч байгааг тэр хэлсэн юм.

 

Эдийн засгийн хөгжил дорой Украин улс нь тээгч эхийн том зах зээлд тооцогддог. Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Украины BioTexCom эмнэлэг нь тээгч эх болсон эмэгтэй тус бүрт 15,000-17,000 ам.доллар төлдөг байна.

 

Үйлчлүүлэгчид нь АНУ, Хятад, Их Британи, Швед, Ирланд гээд дэлхийн олон орны иргэд байдаг ажээ. Элчин сайдын яамдтай хамтран ажилласны хүчинд BioTexCom одоогоор нийт 16 хүүхдийн эцэг эхийг Украинд ирүүлэхээр болсон байна.

 

Хэдийгээр хүүхдүүдийг сайн арчилж, хооллож байгаа ч тэдэнд эцэг эхийн халамж дутагдаж байгааг BioTexCom эмнэлгийн төлөөлөгч ярьжээ.

                                                                                                                                                                                                                              Эх сурвалж: Reuters



 

 

Таны сурталчилгаа