Цаг үеийн мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар маргааш 17-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, шороон шуургатай хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр салхилна.

Нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшиж, тур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Ихэнх нутгаар усархаг бороо, цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Энэ үеэр бороо, цас орсны улмаас замын гадаргууд гулгаа үүсэх, салхи ширүүсч замын үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА онцгойлон зөвлөж байна. Үүнд:

жолооч нар хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,

Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох үйлдлийг хийхгүй байх,

Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ослын дохионы болон ойрын гэрлийг асааж болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх,

Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.

Таны сурталчилгаа