Цаг үеийн мэдээ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар  шинэ коронавирусний  халдвар авсан 136 тохиолдол бүртгэгдээд байна. Бүгд гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. 

Өнгөрсөн Бямба гарагт Бразил улс коронавирусний батлагдсан халдварын тоогоор Итали, Испани улсуудыг гүйцэж, дэлхийд дөрөвдүгээрт жагсах болжээ.

Бямба гарагт тус улсад 14,919 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тоог нь 233,142 болгосон байна. Одоо тус улс халдварын батлагдсан тоогоор дэлхийд зөвхөн АНУ, ОХУ, Их Британи улсуудын дараа орж байгаа юм.

Гэхдээ дээрх гурван улстай харьцуулахад Бразилд Covid-19 өвчнийг оношлох ажил маш бага хэмжээтэй явагдаж байгаа.

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусний тархалттай тэмцэх ажлыг төдийлөн дэмжихгүй байгаа ба сүүлийн нэг сарын дотор хоёр эрүүл мэндийн сайд нь дараалан огцорсон юм. Тус улсын эдийн засаг энэ онд цар тахлын улмаас түүхэндээ байгаагүй том уналт амсах нь тодорхой болоод байна.

Бразилын дэд ерөнхийлөгч Хамилтон Мурао өнгөрсөн Бямба гарагт Covid-19-ийн шинжилгээ өгсний дараа гэртээ тусгаарлагджээ. Өнгөрсөн долоо хоногт түүнтэй ойр ажилладаг албан хаагчдын нэгнээс коронавирусний халдвар илэрсэн юм.

Одоо 66 настай Мураогийн шинжилгээний хариу Даваа гарагт гарна. Өнгөрсөн хугацаанд ойр ажилладаг хүмүүсээс нь халдвар илрэх бүрт ерөнхийлөгч Болсонару шинжилгээ өгч байсан юм. Өнөөдрийг хүртэл 210 орчим сая хүн амтай Бразил улсад нийт 338,000 орчим оношлогоо хийгдсэн нь Европын улсуусаас хол хоцрох үзүүлэлт болж байна. Харьцуулбал Итали, Испани улсууд тус бүр 1.9 сая оношлогоо гүйцэтгээд байгаа юм.

 

 

Таны сурталчилгаа