Цаг үеийн мэдээ

Тухайн улсын нийгэм хөгжин цэцэглэхийн хэрээр нийгмийн үнэт капитал болох хүн ардынх нь амьдрал өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байх ёс бий. Нөгөө талаараа жирийн иргэдийнх нь тайван, тав тухтай амьдралын жишгээр улсынх нь хөгжил, удирдагчдынх нь чадал чансааг ч дүгнэх нь ч бий. 

 

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар улсынх нь хөгжил, удирдагчдынх нь үнэлгээнд муу дүн тавихад ч багадах жишгээр ард иргэд нь туйлдаа хүртэл ядарч, сөхөрсөн амьдралыг туулж байна.  Хотын төвийн өндөр барилга, түүний цэмцийтэл арчсан цэлгэр цонхоор амьдрал дэндүү сайхан харагдана. Зам дээр нь үнэтэй машин хөлхөлдөж, завсар зайгаар нь дэгжин гоёмсог залуус хүүхнүүд алхална. Дэлхийн үнэтэй брэндийг энэ биедээ өмсөж, арван талхны үнэтэй аяга кофе гартаа атгасан тэднийг харахад Монголын амьдрал дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа дүр зураг харагдана. 

 

Гэвч сайхнаар халхалсан саарал хөшигний цаана дэндүү эмгэнэлтэй борог амьдрал бодитоор үргэлжилнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд санаа нийлсэн найзууд нийлж авахаасаа илүү өгөх ерөөлийг дагаж, хүнсний зүйлс бэлдээд захын хорооллын айлуудад хүргэж өгөхөөр замд гарлаа. Өөрсдөөсөө илүүчилж цуглуулсан хэдэн төгрөгөөр чамлахааргүй хүнс бэлдсэн бидний “хөөрсөн” сэтгэл захын айлаар ороод л нам унасан юм. 

“Ингэж амьдарч болдог гэж үү?” хэмээх асуулт тархин дотор минь сул эргэлдэж, сэтгэл давчдаад хэнд ч юм уур хүрнэ.  

 

ХОРТ ХАВДАРТ ШАНАЛСАН ЭЭЖИЙН ТҮШИГ ОХИД

 

Эхний орсон айл хөхний хорт хавдарт шаналж байгаа ээжийгээ асрах хоёр охин. Ээжийнх нь өвчин хүндэрч хэвтэрт орж, толгойгоо ч өндийлгөх тэнхэл үгүй хэвтэнэ. Тэр айлд хүнсний зүйл гэх юм бараг үгүй бөгөөд тэр айлын орлого хоёр охинд төрөөс олгох хүүхдийн мөнгө, ээжийнх нь асаргааны мөнгө аж. Охид зуун мянга ч хүрэхгүй хэдэн төгрөгөө хоол унд, ээжийнхээ эм тарианд хүргэж чаддаггүй тул зарим үед хоолгүй хонодогоо ярьсан юм. Хичээл орж байх үед ээжийгээ харах хүнгүй үлдээх хэцүү байсан бол одоо хичээл зогсоод хоёулаа ээжийгээ асарч чадаж байгаа аж. Мөн хүүхдийн мөнгө нэмэгдсэн болохоор ээждээ өвчин намдаах эм хангалттай хэмжээгээр авч өгч чадах болсныг хоёр охин сэтгэл хангалуун өгүүлсэн юм. Тэд “ээж минь л өвдөхгүй бол бид хоолгүй байх тийм ч хэцүү биш ээ” хэмээн өгүүлэх нь “аймшигтай” хэрсүү. Арав гаруй насны тэдгээр охид амьдралын хатууг нуруундаа үүрэх бус, алиа хөөрхөн аашаараа эрхэлж тоглож явах ёстой билээ. 

Нурж унах шахсан тэр гэрээс тэр гэхийн тэмдэггүй аймшигтай үнэр ханх тавина. Бидний тэнд байх хугацаанд байж ядтал үнэртсэн тэр үнэр хоёр охиныг эхийг зовоох аймшигт хорт хавдраас үүдэлтэй үнэр аж.  Ядарсан хэдэн иргэдийг минь хорт хавдар, хоосон ходоод хоёр нь туйлдуулсаар…

 

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НҮҮРИЙГ УГААХ "ЗАВГҮЙ" БҮСГҮЙ

 

Дэндүү хүнд амьдралын ачаанд туйлдсан охидын гундсан харцаар үдүүлсэн бидний дараагийн орсон айл хоёр нялх хүүхэддээ түүртсэн 30 гаруй насны бүсгүй. Үдээр оруут тэр гэрийн бүхий л “зүйлс” газраар үргэлжилж, хөл гишгэх зай ч үл олдоно. Бүсгүй ой дөнгөж гарч буй болов уу гэмээр нүцгэн халтар хүүг тэврэн зогсоно. Түүний том охин бололтой гурван ойтой гэмээр охин тэр гэхийн тэмдэггүй даг даарь болсон шал дээр унтана.  Бүсгүйн нөхөр барилга дээр туслах ажил хийдэг өглөө гараад л үдшийн бүрийгээр ирдэг гэнэ. Бүсгүй гэр зуур хоёр хүүхдээ харан өдрийг өнгөрөөдөг байна. Ёстой л хүүхдээ “харж” гэдгийг үгний утгыг шууд л тэр бүсгүйгээс ойлгохоор аж. Үнэхээр бохир гэдэг үг багадам энэ айлд гялайж гялтайх зүйлс нэг ч алга. Өдөржингөө гэртээ байдаг залуу бүсгүйд хоёр хүүхдийнхээ нүүрийг угаачих “зав” үнэхээр байдаггүй гэлтэй олон хоногийн хирний давхарга хоёр хүүхдийнх нь царайд суужээ. Үс нь  хэзээ ч самны бараа харж байгаагүйгээр сэгсийсэн харагдана. Өдрийн цайгаа ууж байсан бололтой хиртэй савтай талх, хайлсан үмх масло газраар үргэлжилнэ. 

“Нөхөр гавьтай орлого олохгүй болохоор хоёр хүүхдийнхээ мөнгө, цалинтай ээжийн мөнгөөр л амьдарч байна” гэх залуу бүсгүйд гэрээ жаахан өөд нь татах талаар зөвлөхөд “Одоо л хүүхдийн мөнгө нэмэгдэж байгаа болохоор саван вокны мөнгө илүүчилнэ дээ” хэмээн хээвнэг дуугарсан. Ядарсан байж болох ч хоёр хүүхдээ бохир орчинд амьдруулсан залуу бүсгүйн арчаагүй сэтгэлгээнд л “цэвэрлэгээ” хиймээр санагдсанаа нуух юун. 

 

ХОРГОДОНГУЙ ХАРЦААР ҮДСЭН НАСТАН

 

Бяцхан пинд амьдрах хөгшин бидний өгсөн хүнсийг хоёр гар тосон аваад эхэр татан уйлчихав. Өөрийн гэх үр хүүхэд хамаатан садангүй тэрээр танил айлынхаа дулаалж өгсөн жижигхэн үүдний пинд амьдардаг аж. Нас дээр гарч, орноосоо босох тэнхэлгүй болж буй настай ахыг бидэнд дунд явсан эмч найз маань үзлэг хийж өгсөн юм. Даралт нь ихэсдэг, хоол хүнсний дутагдалд орсон тэр настай ах бидэнтэй ярилцахаар өндийн суугаад олон зүйлсийг асууна. Байн байн талархах тэр настан биднийг явахаар болоход тун ч хоргодонгуй үлдсэн юм. Арга ч үгүй биз, өдөржин гэртээ хэвтэх түүнтэй хэн таван үг сольж, сэтгэлийн бэтгэрээг нь тайлах билээ дээ. 

 

 

Энэ мэтчилэн бид арав гаруй айлаар орсон. Бид хорооны нийгмийн ажилтны дагуу архины хэрэглээнээс хол, амьдрахыг төлөө хичээж буй айлуудыг заалгасаар очиж, бага ч болов сэтгэлийн тусламжаа өгсөн. Эдгээр айлуудын амьдрал бүгд үнэхээр хүнд хэцүү байсан ч өөрсдийнх нь амьдрах зүтгэл дутсан айлууд ч багагүй байсан гэдгийг энд өгүүлэх хэрэгтэй байх.  Тэдний дийлэнх нь ажил хийх насны эрүүл саруул хүмүүс байвч өөрийн хүчээр амьдралаа босгох бус үр хүүхдэд нь төрөөс олгох хэдэн төгрөгөнд найдаж амьдрагсад байсан. Төр засаг хүүхдэд олгох 20,000 төгрөгийг нэмж 100,000 төгрөг болгосон нь зарим нэг хүмүүсийн ходоодонд орох хоолны хэмжээг нэмэх хэдий ч хэдэн хүүхдэд нүүрээ угаах савангийн хэлтэрхийд ч зоригулагдаж чадахгүй бололтой.  Энэ өдөр бидний сэтгэлийг сэргээх ганц л зүйл байсан нь хүүхдүүд байв. 

Хэдий ядарсан, даарсан, өлссөн орчинд өсөж байгаа ч юунд ч дарагдаагүй гялалзсан хөөрхөн нүднүүд сэтгэлд одоо ассаар л … 

 

Жич: Залуусын сайн үйлсийн аян  ахин үргэлжилж, өөрийн орон гэргүй айлыг өөрийн гэртээ болгох ажил эхэлнэ. Та ч бас нэгдэж болно.

 

Сэтгүүлч У.Дашбат

 

 

 

 

Таны сурталчилгаа