Цаг үеийн мэдээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ковид-19-тэй холбогдуулан хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа зогсож, хүүхэд хүлээн авахаа больсон тул сар бүр олгодог хувьсах зардлын мөнгийг олгохоо түр зогсоох" шийдвэр гаргасан нь хувийн цэцэрлэгүүдийн багш, ажилчдын дургүйцлийг хүргэж, Сангийн яамны гадна 100 гаруй багш, ажилчдын жагсаал боллоо.

Нийслэл хотын хэмжээнд 540-өөд хувийн цэцэрлэг байдаг ба 40 мянга орчим хүүхэд хүлээн авч ажилладаг 4000 гаруй багш, ажилчидтай байна.

Хувийн цэцэрлэгт сар бүр олгодог хувьсах зардлын мөнгөөр багш, ажилчдын цалин, нийгмийн даатгал зэргийг төлж барагдуулдаг байна. Тухайн хувьсах зардал нь цэцэрлэгт байгаа хүүхдийн тоогоор буюу нэг хүүхдийн 80 мянган төгрөгөөр бодогддог талаар жагсаалд оролцогч багш нар мэдээллээ.

Коронавирус гарснаас хойш дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлын мөнгийг олгож байсан бол энэ сарын хувьд Сангийн сайд өөрчлөлт хийж тухайн зардлыг олгохгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн хүүхэд хүлээн авахаа больсон өнгөрсөн саруудад авсан төсвийг улсад төлж барагдуулахыг Сангийн сайд сануулсан талаар мэдээлж, жагсаал хийлээ.

Шууд үзэх: https://www.facebook.com/zugii/videos/241750473915859/

Таны сурталчилгаа