Аливаа гэнэтийн зүйл гэдэг ашиглаж чаддаг хэн нэгэнд ашгаа өгч байдаг ухагдахуун аж. Одоогоос дөрөв гаруй сарын өмнөөс дэлхий дахинаа гэнэтийн байдлаар дэлгэрсэн коронавирусний улмаас хүн төрөлхтөн хөл хорионд орсон билээ. Зөгнөлт киноноос үзэж, сонирхолтой ном зохиолоос уншиж байсан үзэгдлийг яг одоо бид биеэр туулцгааж байна. Амьсгалах агаараа хязгаарлаж амны хаалт зүүх болж, орж гарах, уулзаж учрах нь цөөрч хүмүүний амьдралын голдрил огт өөр тийш эргэж байна. Тухлаг суурьшмал нийгэмд сурч дадсан зүйлс нь өөрчлөгдөхөд таатай хүлээж авдаг хүн ховор. Хязгаардлагдмал орчинд хэт удаан байснаас шалтгаалж, сэтгэлзүйн хямралд автагсад ч бусад улс оронд дэндүү олон байна.
Гэвч Монголчууд бидний хувьд байдал арай өөр хэлбэрээр үргэлжилж байна. Аливаа өөрчлөлтийг хүлээж авахдаа хялбар, нүүж шилжиж дадсан бид хөл хорионы үеийг өөрсдийнхөөрөө даван туулцгааж байна. Энэ дунд шинэлэг бизнес ч дэлгэрч, өнөөх нь бүр цэцэглэн хөгжих хандлагатай байгааг энд дуулгая.
Хөл хорион дэглэмд шилжсэнээр дэлгүүрүүд оройн 22.00 цаг гэхэд хаалгаа барьж байгаа. Орой үдэшгүй дэлгүүр хэсэж дадсан монголчуудын хувьд 22 цагаас өмнө амжиж хүнс авахаар дэлгүүрт бөөгнөрцгөөнө. Тэдний жишгээр монголдоо томоохон тооцогдох супермаркетаар үйлчлүүлж авсан зүйлээ бичүүлэхээр касс дээр очтол 20 гаруй насны хоёр залуу 5–6 шил архины тооцоо хийхээр өмнө минь зогсоно. Авсан архиных нь олон, авч байгаа залуусын насны цөөнийг тооцон “хүмүүжлийн доголдол”–ынх нь тухай бодол эргэлдүүлэн зогсож байтал тэдний яриа чих дэлсээтэхлээ шүү.
Сонсоод байх нь ээ тэд тэдгээр архийг хэрэглэх гэж бус цааш дамлан зарах гэж авч буй бололтой.
– “Энэ хэд өчигдрийнх шиг зарагдах байгаа?, За яахав дээ зарагдахгүй бол маргааш гэж өдөр байна ш дээ” гэсээр архиныхаа тооцоог хийцгээн гарлаа.
Чихэр шиг амттай яриагаар чихээ шүргүүлсэн миний бие юу гэж амтлахгүй хоцрохов араас нь дуудсаар ганц нэг асуулт асуулаа. Хоёр залуу элдвийг шалгаах танихгүй нэгнийг ихэд гайхаж, жийрхсэн ч талх сугавчилсан ганц эмэгтэй тийм ч аюултай санагдаагүй бололтой, ганц хоёр үгээр хариулт өгсөн юм.
Тэд нэгэн их сургуулийн оюутнууд бөгөөд сургууль нь “амарч” оройн цагаар нь хийдэг ажил нь цаг үеийн асуудлаас болж хаагджээ. “Мэдээж хэрэг том болсон “хүүхэд” хэрэглээний мөнгөө аав ээжээсээ авах ичмээр ш дээ” хэмээн тэд түр зуурын бизнесээ ярихаасаа өмнө ийн тодотгосон юм. Тэд намайг асуухаас урьтаж “та энэ их архийг бид хоёрыг ууна гэж бодсон уу? Тэгвэл бид уудаггүй, харин энэ бид хоёрын бизнес” гээд тэд инээлдлээ. Залуус оройд дэлгүүрээс хэдэн шил архи худалдаж аваад дэлгүүр хаасан хойно буюу шөнө оройн цагаар сошиал ашиглан үнэ нэмж зардаг байна. Зарим үед борлуулалт тааруу байдаг ч огт архи зараагүй өдөр байдаггүй гэнэ. “Та хоёрын архи арай үнэтэй биш үү?” гэхэд “Согтуу хүмүүс архинд мөнгө харамладаггүй ш дээ, тэд чинь бас хямдхан архи уух дургүй ээ” хэмээн хариулсан юм.
Залуус архиа тэвэрсээр харанхуйд уусан одлоо. Надад яагаад ч юм харамсах сэтгэл төрөөгүй. Залуус амьдрахын тулд цаг үеэ тааруулж “ажиллаж” байна. Хэрэглэгч, үйлчлүүлэгч байгаа болоод л ийм бизнес явагдаж байна. Харин тэдгээр хэрэглэгч үгүй болвол тэр залуус ахиад өөр бизнесийг олоод л харчихна. Энэ мэт сэргэлэн залуусаа арай дөнгүүр зүйлсийг сэдэж сэтгэх боломжийг олгох “хэрэглээтэй” л болцгооё хүмүүс минь.