Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий Сонгинохайрхан дүүргийн I хороо, Баянголын амны 10 га газрын эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тухайн байршилд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг 2020-2024 онд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тогтсон байдаг. 2007-2013 онд дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бөгөөд энэ онд гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах юм.
Нийтдээ 10 га талбайд өрнүүлэх бүтээн байгуулалтын хүрээнд 2007 өрхийн орон сууц, 840 хүүхдийн суудалтай сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, 1500 автомашины зогсоол барих төлөвлөгөөтэй юм. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Тус төслийг хэрэгжүүлснээр түрээслээд өмчих хэлбэрээр 2000 өрх байртай болно. Бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэсэн юм.
Тэргүүлэгчид орлогод нийцсэн орон сууцны төслийг нийгмийн эрэлттэй төсөл хэмээн үзэж, Нийслэлийн ИТХ-ын эзэмшилд байсан, орон сууцны төсөл хэрэгжүүлэх зориулалт бүхий 10 га газрыг “Нийслэлийн орон сууцны корпораци”-д шилжүүллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ