Цаг үеийн мэдээ

    Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр /2020.05.19/  хуралдсан байна. Хуралдаанд Үндэсний зөвлөлийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл оролцсон байна.

Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрүүдийг олонхийн саналаар дэмжин, зөвлөмж гаргалаа. 

1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууны үнийг  энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид зургаан сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих шийдвэрийг гаргав.

2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу аж ахуйн нэгж байгууллагуудын зардлын өртгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар тав хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэжээ.

3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан мөн дахин бууруулах болж байгаа тул бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болсон байна.

Сануулахад, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дөрөвдүгээр сарын дунд үеэс шатахууны үнэ буурна гэж мэдэгдэж байсанчлан тухайн сарын 13-ны өдрөөс эхлэн түлшний үнэ 150-320 төгрөгөөр буурсан юм.

Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 автобензин тус бүр 300 төгрөг, Аи-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр буурч байв. 

Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийг тодотгоход:

"Сод Монгол" ХХК , "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг, "Шунхлай групп" ХХК, "Сод Монгол" ХХК", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг, Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурчээ. 

 

 

Таны сурталчилгаа