Цаг үеийн мэдээ

Он гарснаас хойш Улаанбаатар хотын ногоон бүсэд гал түймрийн 200 гаруй дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Хуурайшилт ихтэй энэ үед Экологийн цагдаагийн албанаас ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргүүлж байна. 

Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Г.Анар-Эрдэнэ: 

"Аймаг, орон нутгийн хэмжээнд 9 аймгийн 21 суманд 23 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан бөгөөд дээрх түймрийн улмаас 54.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатаж, 1 хүн нас барсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн хохирлын хэмжээ 41.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Жишээ дурдвал: Нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Арцатын ам 7 га, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Онгоны ам”, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сумын ямаат багийн “Хашаат” гэх газарт 8 га талбай шатсан. Дээрх газруудад тухайн орон нутгийн экологийн асуудал хариуцсан албан хаагч, онцгой байдлын алба, орон нутгийн иргэд өөрийн санаачлагчаар гал унтраах ажилд оролцож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэргийг хуульчилж өгсөн байдаг. Дээрх хуульд гэм буруугийн хэлбэр, хохирлын хэмжээг харгалзан 1-12 жилээр хорих ял шийтгэхийн зэрэгцээ байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилсан. Иймд хуурайшилтын үе буюу 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Экологийн цагдаагийн албанаас нийт ард иргэддээ анхааруулж байна"

 

Таны сурталчилгаа