Их Британийн засгийн газар дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Том Мурт хүлэг баатрын хэргэм хүртээхээр нэрийг нь дэвшүүлэх болсноо өчигдөр зарлажээ.
“Ахмад Том” нэрээр алдаршсан 100 настан өнгөрсөн сард коронавирусний цар тахалтай тэмцэх үйлсэд зориулан хандив цуглуулсан нь санаанд оромгүй амжилттай болж, нийт $40.2 сая орчмыг (32.8 сая паунд) бүрдүүлсэн юм.
Тэрбээр 100 насныхаа төрсөн өдөрт зориулан гэрийнхээ арын жижиг цэцэрлэгт бусдын тусламжгүйгээр 100 алхах зорилт тавьж, энэ үеэрээ 1,000 паунд цуглуулан хандив өргөхөөр төлөвлөж байв.
Өвчин тахалд нэрвэгдсэн Британид ахмад дайчны гаргасан санаа эерэг сайхан үзэгдэл болж, маш олон хүний анхаарлыг татсан юм. Хатан хааны нисэх хүчин түүний 100 насны төрсөн өдөрт зориулан агаарын шоу үзүүлсэн бол 140,000 хүн төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлж, Британийн арми түүнд “хүндэт хурандаа” цол олгож байжээ.
“Ахмад Томын гайхамшигтай хандивын аян дээд амжилт тогтоож, коронавирусний манан дунд гэрэлт цамхаг болон бүх улс үндэстнийг маань зоригжууллаа” гэж Британийн ерөнхий сайд Борис Жонсон ахмад дайчны санаачилгыг сайшаасан байна.
Хатан хаан Элизабетaaс хүлэг баатрын хэргэмийг хүртсэн хүн нийтийн дунд “Sir” хэмээн өргөмжлөгддөг юм байна.
Эх сурвалж: AFP