Цаг үеийн мэдээ

      Москва хотын захиргаанаас мэдээлснээр коронавирусний халдвар аваад эдгэсэн 540 гаруй донор бусад өвчтөнүүдэд зориулан цусаа өгчээ. Тэдгээр донорын цусыг 300 орчим хүнд байгаа өвчтөнд хэрэглэсэн байна.

       COVID-19-ийн халдвар аваад эдгэсэн зарим хүний биед эсрэг биет үүсч байгаа бөгөөд тийм хүний цусны плазмыг өвчтэй хүнд хэрэглэх нь зарим тохиолдолд үр дүнтэй байгаа гэдгийг Москва хотын Эрүүл мэндийн газрын шинжээч хэллээ. Ялангуяа биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст цусны плазмаар сэлбэх нь тодорхой үр дүнтэй байгаа юм.

      Халдвар аваад эдгэсэн хүмүүс дундаас сайн дураар цусаа өгөх шуурхай утсыг Москва хотод ажиллуулж байна. Ойролцоогоор 1500 хүн цусаа хандивлахаа илэрхийлжээ. Гэхдээ эдгэсэн хүн болгонд эсрэг биет үүсэхгүй, мөн маш цөөн тооны эсрэг биет байгаа хүний цус нь эмчилгээний шаардлага хангахгүй юм.

     Тиймээс сайн дураараа хүсэлт гаргасан иргэнээс нарийвчилсан шинжилгээ авч цусны донор болж чадах эсэхийг тодруулах хэрэгтэй. Мөн уг хүн ямар нэг суурь өвчингүй, ХДХВ болон М, С вирусийн халдваргүй байх ёстой. 600 миллиграм плазмад 5000 рублийн урамшууллыг олгож байна.

Таны сурталчилгаа