Цаг үеийн мэдээ

2021 он хүртэл хойшлуулсан Токиогийн олимпын наадмын талаар Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Английн БиБиСи агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулжээ. Тэрбээр “Токиогийн олимпыг 2021 онд зохион байгуулах боломжгүй болвол цуцлахаас өөр замгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр, Японы ерөнхий сайд Абэ Шинзо “2021 он бол цаг хугацааны хувьд сүүлийн боломж гэж хэлсэн. Зохион байгуулах хороонд 3-5 мянган хүнийг байнга ажиллуулах боломж хомс, тэмцээний хуваарийг жил бүр өөрчлөөд байх боломжгүй, тамирчдыг тодорхойгүй байдалд байлгах тун хэцүү” гэж ярьжээ. 

Олимпын наадмыг зохион байгуулах нэг нөхцөл бол вакцин бий болсон байх ёстой гэсэн саналын  талаар Томас Бах “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагана. Нэг жил 2 сарын дараа байдал ямар байхыг хэн ч урьдчилж хэлэх боломжгүй” гэжээ. Тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулах боломжийн талаар “энэ бол нэг их хүсээд байх зүйл биш, гэхдээ иймдээ тулбал тамирчдын санаа бодол, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, зохион байгуулагч Япон улсын байр суурийг сонсоно” гэж мэдэгджээ. 

Д.Төмөрбаатар

Эх сурвалж: “Асахи шинбүн” сонин

 

Таны сурталчилгаа