Антибиотикийн зөв зохистой хэрэглээний талаар ГССҮТ-ийн эм зүйч Г.Баясгалантай ярилцлаа.
Антибиотик болон түүний зохистой хэрэглээ гэж юу вэ?
-Тухайн өвчиндөө тунг нь тааруулж, тогтсон цагт уухыг антибиотикийн зохистой хэрэглээ гэж хэлж болно.
Антибиотикийг хэрэглэхийн тулд зайлшгүй эмчээс зөвлөгөө, зааврыг авч, тун, цагийг тааруулж хэрэглэх ёстой. Мөн эмчид өмнө нь ийм өвчин тусч, ийм антибиотик хэрэглэж байсан гэдгээ нуулгүй шууд хэлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүний биед тохирох эмийг сонгож хэрэглүүлнэ.
Мөн өөрсдөө дур мэдэн эмийн сангаас антибиотик худалдан авч, эмчийн заавраар бус хэрэглэдэг нь антибиотикийн зохисгүй хэрэглээд орно.
Сүүлийн маш олон төрлийн нянгаар үүсгэгддэг өвчин бий болоод байна. Энэ бүгдийг антибиотик нь эмчилж, дарж чадах уу?
-Антибиотик нь зөвхөн нянгийн гаралтай өвчлөлд үйлчилнэ. Түүнээс вирус, вирусийн гаралтай өвчлөлд үйлчлэхгүй.
Зарим өвчний үүсгэгч нь тодорхойгүй байдаг учраас одоо цагт антибиотик нь маш олон нэр төрлөөр гарах болж, өдрөөс өдөрт антибиотикийн тоо нэмэгдсээр байна. Нян бол ямар ч антибиотикт дарагдана. Харин вирус нь антибиотикт дарагдахгүй. Мөн хүмүүс нэгнийгээ дуурайж нэг өвчинд адилхан эм уудаг. Энэ нь хүн бүрийн биеийн онцлог өөр учраас зайлшгүй үзүүлж, жороор эм авах ёстой.
Антибиотикийг заавал жороор хэрэглэхийн шалтгаан юу вэ?
-Тухайн нэг антибиотик зөвхөн тодорхой нэр төрлийн нянд үйлчлэх чадвартай. Таны туссан өвчний шалтгааныг тодруулсанаар онош тавьж, оношид тохирсон эмчилгээ хийнэ.
Эмч болон эм зүйчтэй холбоотой алдаанаас болж хүний эрүүл мэнд хохирсон тохиолдолд тухайн хүнийг өмгөөлөх баримт бичиг нь жор болж өгнө. Тиймээс заавал эмчийн жороор антибиотикийг хэрэглэх шаардлагатай.
Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол юу вэ?
-Ач холбогдол нь эмч өвчтний бие, өвчинд тохирсон антибиотикийг сонгож өгнө. Дараа нь ямар тунгаар, өдөрт хэдэн удаа, хичнээн хоног хэрэглэхийг зааж өгнө. Харин өвчтөн эмчийн зааврын дагуу хэрэглэснээр бүрэн эдгэрнэ.
Антибиотикийг буруу, хэтрүүлэн хэрэглэвэл ямар зүйл болох вэ?
-Тунг хэтрүүлэн хэрэглэвэл зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй хүний биеийн ашигтай нянгуудыг ч мөн устгана. Цаашлаад вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетэнг үржих таатай орчинг бүрдүүлдэг.
Мөн зовиур арилмагч заасан хугацааг хүртэл хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэх нян дасан зохицож, тухайн антибиотикоос дасал болдог. Бие махбодийн жин дутуутай хүнд антибиотикийг өндөр тунгаар хэрэглүүлвэл биед янз бүрийн нөлөө үзүүлнэ.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
-Хөхүүл ханиад, шээсний замын халдвар, хоолойн стрептоккын нянгийн халдвар зэрэг өвчний үед хэрэглэнэ.
Ярилцсанд баярлалаа.