Цаг үеийн мэдээ

            АНУ-ын 11 ерөнхийлөгчид үйлчилсэн цагаан ордны үйлчилгээний ахмад ажилтан Уилсон Рузвельт Жерман коронавирусний улмаас 92 насандаа таалал төгссөн байна. Тэрээр 1957 онд АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын үед цагаан ордонд цэвэрлэгчээр анх ажилд орж байжээ.

            Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн  үед албан тушаал ахиж, үйлчилгээний ахлах ажилтан болсон байна. Албан тушаал ахихад нь тэргүүн хатагтай Жаклин Кеннеди ихээр нөлөөлсөн гэдгийг Жерманы ач нь дурсан ярьжээ.

        Цагаан ордонд 55 жил тасралтгүй ажилласан тэрээр 2012 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед тэтгэвэртээ гарсан байна. Түүнийг цагаан ордноос үдэж өгөхдөө Барак Обама дурсгал болгож түүний үйлчилсэн үе үеийн Ерөнхийлөгчдийн нэрстэй дурсгалын зүйлийг бэлэг болгон өгч байжээ. Уилсон Жерман АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обамад үйлчилж чадсандаа маш ихээр сэтгэл хангалуун байдаг байсан байна.

            Тэргүүн хатагтай асан Мишель Обама нөхрийнхөө хамтаар Жермантай цуг авахуулсан зургаа өөрийнхөө бичсэн “Becoming” номдоо оруулж байсан юм. "Уилсон Жерман олон арван жилийн турш АНУ-ын Ерөнхийлөгчдийн гэр бүлд чин үнэнч сэтгэл зүрхээрээ тусалсаар ирсэн. Түүний найрсаг сайхан сэтгэлийн ачаар бид цагаан ордонд яг л гэртээ байгаа юм шиг мэдрэмжийг авч чаддаг байсан" хэмээн Мишель Обама дурсан ярьжээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа