Оросын ахмад улс төрч, ерөнхийлөгчийн сонгуульд олон удаа нэр дэвшиж байсан Владимир Жириновский хувьсгалын удирдагч Лениний занданшуулсан шарилыг зарах санаа гаргасан нь онлайн ертөнцөд томоохон маргаан дэгдээжээ.
“Францад нэг бизнесмэн Мона Лизагийн хөргийг зарах санаа гаргаж байна. Бид ч гэсэн Лениний муммиг зарах боломжтой. Хятад, Вьетнам зэрэг коммунистууд худалдаж авахыг сонирхоно. Ердөө 96 жилийн өмнө занданшуулсан Лениний шарил шинээрээ байгаа” гэж Жириновксий сошиал хуудсандаа бичсэн байна.
Владимир Ленинийг 1924 онд нас барсны дараа шарилыг нь занданшуулж, бунханд залаад нийтийн үзмэр болгожээ.
Саяхан Францын бизнесмэн Стефан Дистингин тус улсад хадгалагдаж байгаа Мона Лизагийн хөргийг 50 тэрбум еврогоор зарж, Covid-19 тахлаас үүссэн санхүүгийн хохирлыг нөхөх санаа гаргаж байсан юм.
Владимир Жириновский үүнээс санаа авч, Зөвлөлтийн удирдагчийн шарилыг зарах тухай бичсэн байна.
Тэрбээр 1989 оноос хойш Оросын Либерал Ардчилсан Намын даргаар ажиллаж байгаа, хурц дайчин үг яриа, эх оронч үзлээрээ Орост алдаршсан улстөрч юм.
Жириновский нь Лениний шарилыг Улаан талбай дахь бунхнаас гаргах санааг анх удаа гаргасан хүн биш юм. 1997 онд ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин удирдагчийн шарилыг бунхнаас гаргаж, Санкт Петербург дахь ээжийнх нь булшны дэргэд оршуулах санаа гаргаж байжээ.
Харин одоогийн ерөнхийлөгч Владимир Путин шарилыг бунхнаас гаргах санааг дэмжихгүй байгаа ба түүний үзэж байгаагаар Лениний шарилыг оршуулах нь Зөвлөлтийн цаг үед амьдарч байсан олон хүний итгэл үнэмшил, амьдралаа зориулсан үнэт зүйлсийг булшилсан хэрэг болох ажээ.