Биедээ тэсрэх бөмбөг авч яваа хэмээн сүрдүүлсэн этгээд Москва хотын Альфа банкинд хүмүүсийг барьцаалсан хэрэг өчигдөр гарлаа. Хоол хүргэлтийн цүнх үүрсэн гэмт этгээд өөрийнх нь биед тэсрэх бөмбөг байгаа хэмээн сүрдүүлж банкаар үйлчлүүлж байсан 6 хүнийг барьцаалсан байна. Энэ үед банкны таван ажилтан арын хаалгаар зугтан гарч чаджээ. Дараа нь бусад хүмүүс ч гэсэн зугтан гарч гэмт этгээдийн гарт нэг хүн барьцаалагдан үлдсэн байна.
Хэрэгтэн телевизийн нэвтрүүлэгч, дуучин Ольга Бузоваг өөртэй нь уулзуулж өгөхийг шаардсан байна. Хэргийн газарт хүрэлцэн ирсэн Оросын тусгайгынхан банк руу дайран орж гэмт этгээдийг удалгүй баривчилсан байна.
Хэрэг үйлдсэн 34 настай Алексей Барышниковын биеэс ямар нэгэн галт зэвсэг, тэсрэх бөмбөг илрүүлээгүй байна. Банк дэлбэлнэ гэсэн хуурамч сүрдүүлгээр хүн барьцаалсан этгээд нь сэтгэцийн өөрчлөлттэй болох нь урьдчилсан мэдүүлгээс харагдаж байгаа юм байна. Хэргийн үеэр хэн нэгэн хүн гэмтэж бэртээгүй байна.
Эх сурвалж: ВВС