Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Тавдугаар сарын 23-нд  ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35,  Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч 30, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний давтан шинжилгээ хийгдсэн юм. 

Өнөөдөр бас хоёр оюутан эдгэрч гарсан сайхан мэдээ байна. ХӨСҮТ-өөс гарч дараагийн хяналтад шилжлээ. Одоо эмчлэгдэж буй 109 хүний  84 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүн нь хүндэвтэр байна" хэмээв. 

Эдгэрсэн хоёр оюутны хувьд ОХУ-ын цэргийн сургуулиас ирсэн оюутнууд биш. Өмнө нь Москвагаас бөөнөөрөө ирсэн оюутнууд байгаа юм. Энэ өмнө нь ирсэн оюутнууд ойролцоогоор 40 хоног эмчлэгдээд гарч байна гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

Таны сурталчилгаа