Ким Жон Ун улсынхаа армийн удирдагчдыг “стратегийн хүч”-ээ нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг уриалжээ.
Энэхүү тушаалыг тэрбээр өчигдөр /2020.05.24/ цэргийн командлагчид болон Умард Солонгосын аюулгүй байдлын албаны гишүүд гэх мэт цөөн хүнийг цуглуулж байгаад өгсөн хэмээн төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээлсэн байна.
Түүний зохион байгуулсан энэ уулзалт нь дайсны зэвсэгт хүчний их, бага заналхийлэл болон түүнийг хэрхэн зохицуулах тал дээр илүү анхаарсан гэнэ. Уулзалтын үеэр армийн удирдагчид армийн галт зэвсгийн тоог нэмэх, их бууны ангийн чадварыг өсгөх зэрэг асуудлыг хэлэлцэж, илүү хүчирхэг байлдааны арга хэрэгсэлтэй болохыг уриалжээ.
“Уулзалтын үр дүнд Умард Солонгос дайсны цөмийн зэвсгээс хамгаалах талаар шинэ стратеги боловсруулж, зэвсэгт хүчний байгууламжийг өргөжүүлж, хөгжүүлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа” хэмээн KCNA агентлаг уулзалт болсон цаг, газрыг нууцлан мэдээлсэн байна.
Эх сурвалж: RT.COM