Коронавирусний халдварын улмаар Хятадын Үхань хотын иргэд аймшигтай гашуун зовлон амсаад байгаа билээ. Дэлхий дахиныг чичрээсэн цар тахлын хүрээ хараахан хумигдах болоогүй энэ л үед Ухань хотын иргэд тахлын хоёр дахь давалгаа ирэх вий хэмээн түгшсээр байна.
Тиймээс Хятад улсын Засгийн газар зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх, худалдахыг хориглолоо хэмээн тус хотын Ардын засгийн газрын албан ёсны сайтад мэдэгджээ.
Энэхүү хоригт улсын тусгай хамгаалалттай төрөл зүйлийн жагсаалтад багтсан, эдийн засгийн болон шинжлэх ухааны ач холбогдолтой амьтдыг оруулаад хуурай газрын бүх амьтан хамаарах юм байна.
Мөн хүний тэжээсэн зэрлэг амьтдад ч хамаатай аж. Харин шинжлэх ухааны судалгаа явуулах, популяцыг зохицуулах, гоц халдварт өвчний эх үүсвэрийг судлах, хянах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрөх юм. Хэрэв ховор төрөл зүйлийг хамгаалах зорилгоор зэрлэг амьтдыг тэжээж үржүүлэх шаардлагатай болбол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авах ёстой аж.
Өмнө нь олгосон бүх зөвшөөрлийг нэн даруй цуцалж, хүчингүй болгоно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Уханийн засгийн газар хориг таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 5 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.