Цаг үеийн мэдээ

Уушгины шинэ төрлийн “коронавирус”-ний эсрэг вакцин бүтээх, үр дүнтэй нь нотлогдсон тохиолдолд их хэмжээгээр үйлдвэрлэхэд тулгарч буй асуудлын талаар Японы “Никкэй” сонинд гарсан мэдээллийг орчуулан хүргүүлж байна.

Шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин бүтээх, их хэмжээгээр үйлдвэрлэх ажилд манлайлахыг зорьж АНУ, Европын олон компани вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж суурилуулах, үүнтэй холбогдох тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхлээд байна. Их Британийн эм үйлдвэрлэлийн томоохон компани болох “AstraZeneca” энэ сарын 21-ний өдөр Оксфордын Их сургуулийн бүтээж буй вакциныг жилд 1 тэрбумийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлээд буй талаар мэдээлсэн. АНУ-ын био технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Moderna” компани мөн ижил хэмжээний вакцин нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Вакцин үйлдвэрлэхэд ихээхэн хэмжээний зардал шаардлагатай бөгөөд АНУ, Европын орнууд нэн тэргүүнд вакцин бүтээх ажлаас урьтаж үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх технологийн өрсөлдөөнийг эхлүүлээд байна. Харин Япон Улсын хувьд энэхүү өрсөлдөөнөөс нэлээдгүй хоцорч буй мэт харагдаж байгаа боловч Засгийн газрын зүгээс вакцин нийлүүлэх ажилд тусгайлан анхаарах хандлагатай байна. Вакцин үйлдвэрлэлд хэдэн арван тэрбум иен шаардлагатай. Вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд чанарын шаардлагыг хангах тогтолцоог бүрдүүлэх нь нэн тэргүүний ажил бөгөөд үүнийг хэрэгжүүлэх тоног төхөөрөмж, тогтолцооны чанарыг дэлхийн томоохон компаниуд л хангаж чадна. Оксфордын Их сургууль дангаараа их хэмжээний вакцин үйлдвэрлэх тохиолдолд хэдэн арван тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтын зардал хэрэгтэй гэсэн тооцоо гаргаад байгаа бөгөөд үйлдвэрлэлийг эхлүүлэхэд 1-2 жил шаардлагатайг мөн онцолж байна. АНУ-ын “Moderna” компани жилд 1 тэрбум вакцин үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэхийн тулд 5 дугаар сарын 1-ний өдрөөс Швейцар Улсын “Londa” групптэй хамтран ажиллахаар болсноо зарлав. “Moderna” компанид туршилтын журмаар цөөн хэмжээгээр вакцин үйлдвэрлэх тоног төхөөрөмж байдаг боловч их хэмжээгээр үйлдвэрлэх тоног төхөөрөмж байдаггүй байна. Тус компанийн хөгжүүлж буй вакцин бүтээх үйл явц нь өнөөг хүртэл хийгдэж ирсэн тахианы өндөг болон амьтны эс зэргийг ашиглан вирусийг олшруулах аргаас өөр бөгөөд энгийн химийн бодисуудыг нийлэг аргаар боловсруулж вакцин гаргаж авдгаараа онцлог ажээ. Энэхүү арга нь вакцин бүтээх үйл явцыг бусад аргуудтай харьцуулахад цаг хугацаа ихээхэн хэмнэж, шуурхайлах боломжтой юм байна.

Эх сурвалж : Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайдын яам 

Таны сурталчилгаа