Цаг үеийн мэдээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахалтай байгаа учраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор гэр бүлийн хүрээндээ гэртээ тэмдэглэхийг онцоллоо.

"Ковид-19"-ийн цар тахалтай энэ үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь олон талт арга хэмжээг авч ажиллаж байгаагийн хүрээнд энэ сарын 1-нээс 8-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн байна.

Эдгээр өрхийн нэгд дунджаар 0-18 хүртэлх насны 2-7 хүүхэд амьдарч байгаагийн 60 орчим хувийнх нь гэр бүлийн нэг гишүүн нь архины хамааралтай, гэр ахуйн нөхцөл байдал хүнд, хүүхдээ үл хайхарсан байдалтай байжээ. Иймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас:

-Газрын асуудлыг шийдвэрлэж, орон гэртэй болгох,

-Ажлын байранд холбон зуучлах,

-Хүнсний талонд хамруулах,

-Хөл хорио цуцлагдсаны дараа 6-аас дээш насны хүүхдүүдийг хороод дээр хэрэгждэг "Би нар" төсөлд хамруулж, хөгжлийг дэмжих, 

-Архины хамааралтай болсон өрхийн гишүүдэд урт хугацааны эмчилгээ, зан үйлийг засах, сургалтад хамруулах,

-Хөгжлийн бэрхшээлтэй болон хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх зэрэг дэмжлэг үзүүлэхээр шат дараатай ажлыг хийж байгаа юм байна.

Таны сурталчилгаа