Хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь аюултай болохыг Японы эмч нар анхааруулжээ.
Япон даяар коронавирусний тархалт буурч, Даваа гарагаас эхлэн Токио болон бусад дөрвөн бүс нутагт хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа юм.
Ингэхдээ хүмүүс хоорондоо зайнаас харилцах, боломжгүй тохиолдолд амны хаалт заавал зүүхийг зөвлөж байна. Харин Японы Хүүхдийн Эмч нарын Холбооноос гаргасан мэдэгдэлд “Нялх хүүхдийн агаар солилцох суваг нарийн байдаг тул амны хаалт амьсгалахад нь бэрхшээл учруулдаг. Тиймээс хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхээ зогсоохыг зөвлөж байна” гэжээ.
Амны хаалт амьсгалыг нь боогдуулж, цаашлаад зүрхний ажиллагаанд нөлөөлөх аюултайг уг мэдэгдэлд анхааруулсан байна.
АНУ-ын Хүүхдийн Эмч нарын Академи бас хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэх шаардлагагүй гэсэн зөвлөмж гаргажээ.
Эх сурвалж: Reuters