Цаг үеийн мэдээ

ОХУ-д гэрийн тэжээвэр муурнаас “COVID-19”-ийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын “Россельхознадзор”-ын орлогч дарга Николай Власов мэдэгджээ.

Муурны эзэн муураа малын эмчид үзүүлснийхээ дараа эмчийн зөвлөснөөр Мал амьтны эмийн бүтээгдэхүүн, тэжээлийн чанар стандартын төвд ханджээ. Муурандаа коронавирусийн шинжилгээ хийлгэхээр тавдугаар сарын 18-ны өдөр энэ төвд хандсан байна.

Москва хотын амьтны эмнэлэг 5 настай муураас "Ковид-19"-ийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарч, коронавирусийн халдвар илэрсэн муурыг эзэнд нь хүлээлгэн өгч гэрт нь тусгаарласан байна.

Мууранд коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад арга хэмжээ авах шаардлагагүй гэж Власов үзэж байна.

“Коронавирусийн халдвар хүнээс хүнд шууд дамжих замаар тархаж байгаа. Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19”-ийн халдвар муур, нохой зэрэг амьтнаас хүнд халдварласан нь нотлогдсон тохиолдол байхгүй гэсэн албан ёсны байр суурьтай байгаа” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Таны сурталчилгаа