Энэтхэгийн зүүн хойд нутагт орших Ассам мужид 30 мянга гаруй хүн үерт боогджээ. “NDTV” телевизээр мэдээлснээр, тус мужийн таван тойргийн 127 тосгон үерт автсан байна.
Өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн “Амфан” хар салхины улмаас энэхүү бүс нутагт хүчтэй үер буусан байна. Хар салхины эрч суларсан боловч усархаг ширүүн бороо дагуулжээ.
Бүс нутгийн оршин суугчдыг коронавирусний цар тахлын улмаас авсан тусгаарлах хатуу арга хэмжээний нөхцөлд нүүлгэн шилжүүлж байна. Тус мужид 526 хүн халдвар авч, дөрвөн хүн нас баржээ.
“Амфан” хар салхи дөрөвдүгээр сарын 20-нд Бенгалын буланд дэгдэж, Энэтхэг, Бангладешийг дайран өнгөрсөн байна. Хар салхины улмаас модод, утасны шон, цахилгаан дамжуулах шугамын тулгуур баганууд унаж, байшингуудын дээвэр хууларчээ. Салхины дундаж хурд секундэд 43-46 метр байсан байна.
Байгалийн гамшиг ихээхэн хэмжээний хохирол учруулсан бөгөөд Баруун Бенгал мужийн нийслэл Калькутта хот хамгийн их өртсөн байна. Хар салхины улмаас Энэтхэгт 88 хүн Бангладешт 22 хүн амиа алджээ.